Б.Өлзийцэрэн:Цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүй улмаас хохирогч амь насаа алдсан 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амиа алдсан цэрэг Б.Алтантулгын  өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Э.Билгүүн “Дундговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдаагийн ерөнхий газраас  ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГаас талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл хийлээ.

Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Бахардаад унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн.

Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирээд орон дээр тавьсан бөгөөд нэг цагийн дараа эмчийн үзлэг хийхэд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

Бид өчигдөр Эрдэнэт хотод очиж талийгаачийн цогцост үзлэг хийж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Талийгаачийн нуруу хэсэгт үүссэн толбо бол хүүрийн толбо биш ээ. Гаднын нөлөөтэйгөөр толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөлийн шилбэний хэсэг хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гаднын нөлөөтэй шарх, сорвитой байсан” гэв.

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Талийгаачийг амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал баашилж байна гээд нэмж зодож тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон.

Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт тооцогдох бөгөөд зодсон цэргийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, ЦЕГын дарга нарт хандсан.

Мөн цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүй улмаас хохирогч амь насаа алдсан. Уг гэмт хэрэг нь онц ноцтой, хүнд гэмт хэрэг юм. Иймээс ЦЕГын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгуулахаар хандаад байна. Талийгаачийн цогцост үзлэг хийлгэх, үхлийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагад гомдол гаргасан” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …