Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна.

Тэрбээр малын сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулж, сүрэг дэхь хээлтэгч малын тоогоо тогтмол өсгөж, бог малд 56-58 хувь, бод малд 42-46 хувьд хүргэж, Мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгч тавьж, хонио Барга омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр омгийн ухнаар сайжруулсан байна.

Жилд хүлээж авах төлийн тоогоо тогтмол өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж, саалийн хугацаанд монгол үнээнээс 330 литр сүү, нэг ямаанаас 320гр ноолуур, нэг тэмээнээс 5,2кг ноос, нэг хониноос 1,2кг ноос авч борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж жилд дунджаар 130 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.

Залуу малчдыг бэлтгэж, амжиргааг дэмжихэд хувь нэмрээ оруулж сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хувиартай ашиглах, зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтаас сэргийлж шувууны суулт хийж бэлчээрээ хамгаалах гэх мэт төрөл бүрийн аргыг хэрэглэж, 90-113 тн өвс, гар тэжээл 0,4-0,8 тн, 5-7 тн хужир шүүг бэлтгэн жилд 3-4 нүүдэл хийж, малаа зөвхөн мориор маллахыг эрхэмлэдэг аж.

Ш.Батбаатар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хувийн амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийдэг байна.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …