Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэг хамтран “Монголын Цагаан сар Капитол Хилл-д” арга хэмжээг 2 дугаар сарын 5-ны өдөр Конгрессын байранд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Цагаан ордон, Конгресс, Төрийн Департамент, Батлан хамгаалах яам, Худалдааны яамны төлөөлөл болон Монголыг дэмжиж хамтран ажилладаг 200 гаруй хүн оролцсон байна.
Мөн Монгол Улсаа төлөөлөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Ерөнхийлөгч Х.Баттулгын охин “Намуун хүүхдийн сан”-гийн тэргүүн Б.Намуун, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо нар үг хэлэв.
Цаашид жил бүрийн Цагаан сараар уламжлал болгон зохион байгуулах энэхүү хүлээн авалт нь АНУ-ын Конгресст Монгол Улсыг сурталчлах, ингэснээрээ Конгрессоор хэлэлцэхээр төлөвлөж буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлуулахад тус нэмэр болох ач холбогдолтой аж.
Хүүхдийн төлөө сайн үйлс, санаачилга өрнүүлэх “Намуун” сан юуны түрүүнд хүүхдийн эмнэлэг барих ажилд анхаарал хандуулж эхэлсэн байна.