Ч.Раднаабазар:Хүүхэд хөгжлийн ордны дугуйланд 500 орчим хүүхэд хамрагдаж байна

Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хамтран “Хүүхдээ сонсьё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар оролцож, дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагчидтай уулзалт хийн, хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултад хариулт өглөө.

Налайх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн сурагч хүүхдүүд дүүрэг орон нутгийн хөгжилд хүүхдийн оруулах хувь нэмэр болон тулгамдаж байгаа асуудал, санал санаачилгаа нээлттэй ярилцаж, дүүргийн удирдлагуудаас асууж тодруулж байсан юм.

Тухайлбал хүүхэд багачуудын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс, гэр хороололд гэрэлтүүлэг, камержуулалт муу зэргээс гадна мэргэжил сонголтын чиглэлээр сургалт сурталчилгаа хэрэгтэй байдаг, үлгэр дуурайлал болсон эрхэм хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй зэргээр өөрсдийн бодлоо илэрхийлж байсан юм.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ“Өнгөрсөн 2017, 2018 онуудад “Хүүхдээ сонсох өдөр” зохион байгуулж, хүүхдүүд та бүхнийхээ санаа бодлыг ах эгч нар нь сонсож байсныг тодхон санаж байна.

Хүүхдүүд та бүхний зүгээс хөгжлийн орчин дутмаг, дугуйлан секц хомс, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй, гарч тэмдэглэгээ, хурд сааруулагч хангалтгүй, багш нарын хичээл заалт муу зэрэг саналыг түлхүү гаргаж байсан. Эдгээр саналуудыг ах эгч нар нь эхнээс нь шийдвэрлэн, тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал Хүүхэд хөгжлийн ордноо ашиглалтад оруулан 10 гаруй дугуйланд 500 орчим хүүхэд хамрагдаж байна. Мөн та нарынхаа ая тухтай сурч боловсрох хөгжих орчныг сайжруулах зорилгоор энэ онд дүүрэгт 4 цэцэрлэг, 2 сургуулийн өргөтгөлийн ажлыг хийгдэхээр төлөвлөгдөн зарим нь ажлаа эхэлсэн. Мөн боловсролын чанарыг сайжруулахын “Боловсрол-2020” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Багш нарын ур чадвар нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хүрээнд 2 ч хөтөлбөр Налайх дүүрэгт хэрэгжиж байгаа.

Мөн сургуулиуд болон бүх байгууллагын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд энэ асуудлыг тусгайлан тусгадаг. Энэ мэтчилэн үе шаттай ажлуудыг хийж байна. Одоо та бүхний өөрсдийн хичээл зүтгэл, хариуцлага чухал юм шүү, хүүхдүүдээ. Байнга манлайлагч байж, дүүрэг, нийслэл, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн мэдлэг чадвартай иргэд болж төлөвшинө гэдэгт ах нь бүрэн итгэлтэй байгаа шүү” гэлээ.

Уулзалтын төгсгөлд дүүргийн удирдлагууд сурагч хүүхдүүддээ гарын бэлэг гардуулан өгч, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …