
Монгол хүн бүрийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөн хорихгүй, биед наалдацтай албан байгууллага хамт олны өнгө имиджийг бүрдүүлэгч “Мандухайн гоёл” салон 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд захиалагчийнхаа хүссэн загварыг, түүнд тохирох материалаар тухайн хүний бие галбирт төгс зохицох цор ганц загварыг нийлүүлж ирсэн юм. “Мандухайн гоёл” салоны үүсгэн байгуулагч Н.Эрхэмжаргалтай байгууллагын үйл ажиллагаа болон цаашдын зорилгын талаар товч ярилцлаа.
-“Мандухайн гоёл” салон үүсгэн байгуулагдаж байсан түүхээс ярилцлагаа эхлэе?
-“Мандухайн гоёл” салоны суурь нь 2006 оноос тавигдсан. Түүнээс хойш “Мандухайн гоёл” таван жилийн хугацааг үдэж байна. Анх зөвхөн хувь хүнээс захиалга авч ажилладаг байсан бол одоо байгууллагын ажилчдын дүрэмт хувцас оёх үйлчилгээг түлхүү үзүүлж байгаа. Одоогоор манай салон нь албан байгууллага, сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагуудад дүрэмт хувцас хийж үйлчилж байгаа. Хамгийн анх дүүтэйгээ хоёулаа хамтарч, оёдлын болон эсгүүрийн нэг нэг машинтай ажиллаж эхэлж байлаа. Харин өнөөдөр бидний үйл ажиллагаа улам өргөжин тэлсэн байгааг харахад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, материалаа өөрсдөө шууд үйлдвэрээс нь оруулж ирэхээр ажиллаж байна.
-Ажлын хувцас өөрийн гэсэн стандарттай байдаг байх. Танай байгууллага дүрэмт хувцасны стандарт дээр ямар туршлага нэвтрүүлж ажилладаг вэ?
-Байлгүй яахав. Размераар ажлын хувцас хийж худалдах нэг өөр, харин тухайн хүний биед тааруулж хувцас хийх нэг өөр. Манай салон размераар ажлын хувцас хийхээс илүүтэйгээр тухайн хүний биед суусан, яг таарсан хэмжээгээр ажлын хувцас хийхийг илүүд үздэг. Ажлын хувцасны материал нь биед наалдацтай, сууж босоход чөлөөтэй, суналттай байх хэрэгтэй. Загварын хувьд хэт их задгай байх нь стандартад нийцдэггүй. Урт, богино нь өвдөгнөөс бага зэрэг дээгүүр, энгэр ухлаастай гэх мэтчилэн шаардлагууд байдаг л даа. Хэтэрхий богино бол сууж, тонгойж босоход биед эвгүй байх асуудал байдаг. Ерөнхийдөө биед суулт сайтай материалаар хийх шаардлагатай. Өнгөний хувьд оффис хувцас нь тогтмол өмсдөг хувцас учир хэт цайвар байх нь тухайн хүндээ хэрэглэхэд хэцүү байдаг. Тогтмол өмсдөг дүрэмт хувцас амархан бохирдоно, байнга угаавал өнгө алдана гэх мэт төвөгтэй. Тиймээс өнгөний хувьд төв хар, хар хөх, өнгө голлодог.
-Ажлын хувцас хийх шийдвэрийг яагаад гаргасан юм бол… Магадгүй зах зээл нь илүү өргөн байх?
-2013 он хүртэл ажлын хувцас дагнан хийж эхэлсэн. Анхны захиалгаа Улсын их дэлгүүрээс авч байсан. Тэндээс л ажлын хувцас хийх гараа эхэлсэн. Тухайн үед Улсын их дэлгүүр хар өмд, хар хантааз, цагаан цамц өмсөхыг шаарддаг байсан юм. Тэнд ажиллаж байсан охид ганц, нэгээрээ захиалга өгч байсан нь удалгүй албан ёсны захиалга болж ирсэн. Үүнээс хойш “Улаанбаатар” их дэлгүүр, “Номин” их дэлгүүр болон сургууль, цэцэрлэгүүдэд дүрэмт хувцсыг нь хийж эхэлсэн. Сургуулиуд ихэвчлэн дунд ахлах, бага гэж тус тусдаа хосолдог ч юм уу, эсвэл секц секцээрээ өөр хувцас хийлгэдэг юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл