Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой

“Бадамлянхуа” иога төвийн захирал Б.Туултай ярилцлаа.

Тэрээр Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иогийн мэргэшсэн багш бөгөөд Английн “Danielle Collins Face Yoga Method”–ын Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрхтэй багш нарыг бэлтгэж байна.

– Иогийн сургалтын төвүүд болон иогаар хичээллэх сонирхолтой хүмүүс ч олон болж байна. Тэгэхээр иогийн талаарх товчхон ойлголт өгөөч?

– Иог гэдэг нь бие , сэтгэл, сүнсийг нэгтгэх эртний мэдлэг. Сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалтай байх нь иогийн гол зорилго юм. Иогоор хичээллэснээрээ өөрийн мөн чанар, би хэн бэ?, энэ хорвоо ертөнцөд яах гэж мэндэлсэн бэ? амьдрахын утга учир юу вэ? гэх мэт өөрийгөө таньж мэдэж, дотоод ухамсраа сэрээж, өөрийнхөө зорилгыг эрт тодорхойлсноороо амжилтанд хүрэх гол түлхүүр нь болдог. Иог хийснээр хүний биеийн бүхий л хэсгийн мэдрэлүүд сэргэж, цусны урсгал, энергийн урсгал, тунгалагийн урсгал сайжирч энергийн хүрдүүд нээгдэж, хүний гэрлэн бие цэвэрлэгддэг. Ингэснээр хамгийн гол нь стресс бухимдал, сөрөг муу бодолгүй болж, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг бөгөөд амьдралын бүхий л зүйлд хандах хувь хүний хандлагыг өөрчилдөг. Энэ нь зөвхөн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй, бясалгал, амьсгалын дасгал, амьдралын зөв хэмнэл, хэвшил нийлж байж жинхэнэ иогийг бүрдүүлнэ.

– Та иогатай хэрхэн холбогдов?

-Би багадаа уран нугараач болох хүсэлтэй, уян хатан сунгалт сайтай охин байсан. Гэсэн хэдий ч циркийн нугараачийн ангид тэнцээгүй. Учир нь намайг жин ихтэй байна гэсэн. Тэгээд энэ хүслээ орхиогүй өөрөө байнгын дасгал, сунгалт хийдэг байсан нь иогоор хичээллэхэд их дөхөм болсон. Анх иога хийж эхлэхэд хүнд дасгалуудыг төвөггүйхэн хийж чадаж байсан нь багш болохоор зорьсон. Харин иогийн багш болсноосоо хойш 4 жилийн хугацаанд иогийн туйлын зорилгыг олох аялалд гарч өөрийгөө хөгжүүлж, улмаар иогийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцсаар явна.

– Иогийг бидний ихэнх нь гоолиг болох, жин хасах арга зам гэж ойлгодог. Гэтэл…?

-Иог гэхээр олон цаг завилж суугаад бясалгах эсвэл зөвхөн уран нугаралтын хэмжээний дасгал хөдөлгөөн хийдэг мэтээр боддог. Зарим нь шашинтай ч холбож ойлгодог. Зөвхөн бясалгаад олон цагаар суувал хөдөлгөөн дутагдана, зөвхөн дасгал хөдөлгөөн хийгээд байвал биеийн хөгжил л нэмэгдээд оюун санааны буюу сүнсний хөгжил орхигдоно. Энэ бүхэн хамтдаа байж далд ухамсрыг сэрээж, дээд ухамсартайгаа нэгдэх гүүр нь болдог. Бид биеэ үргэлж л угааж цэвэрлэдэг, харин гэрлэн бие буюу сүнсэн биенийхээ хир буртагийг төдийлөн арилгаж чаддаггүй. Бясалгах бол сүнсэн биеэ цэвэрлэх, үйлийн үрээ нимгэлэх хамгийн төгс арга юм. Иогийн байрлал бүрт бясалгал хамт хийгддэг.

-НҮҮРНИЙ ИОГИЙН ҮР ДҮН 14 ХОНОГТ ГАРДАГ-

– Та нэг ярилцлагадаа “Иогоор хичээллэ, ирээд эхлээд үз. Заавал манай дээр ирэх албагүй, иогийн олон төв бий” гэж хэлсэн байсан. “Бадамлянхуа” иогийн төвийн тухайд иогийн ямар ямар төрлөөр хичээллэж болох вэ?

– Манай Бадамлянхуа иога сургалтын төвд эртний Энэтхэгийн уламжлалт хатха иога, агаарын иога, нүүрний иога, жирэмсний иога, ахмадуудад зориулсан зөөлөн иога гэх мэт сургалтууд явагдаж байна. Эдгээр цогц сургалт, хослосон сургалтуудыг өргөн сонголттой цагийн хуваарийн дагуу хичээллүүлэхээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хатха иога, нүүрний иогийн багшийн эрх олгох сургалтыг тогтмол жилдээ 1-2 удаа зохион байгуулдаг. Манай төвийн сургалт Энэтхэг уламжлалт иог дээр суурилсан байдаг буюу бүх сургалтууд Иогийн онол, Амьсгалын техник, Бясалгал, Бие халаах дасгал, Нүүрний иог, Үндсэн иогийн байрлалууд, Амраах дасгал, Аз жаргалтай байх зөвлөгөөнүүд гэсэн хөтөлбөрөөр явагддаг.

– Жирэмсэн эхчүүд иогоор хичээллэснээр ямар ач тустай вэ?

– Өнөөдөр хүмүүс уушигныхаа багтаамжийн зөвхөн 30 хувийг ашиглан амьсгалж байна. Энэ нь нас биенд хүрсэн хүний хувьд хайран биш гэжүү. Хүн буруу буюу дутуу амьсгалснаас шалтгаалж маш олон төрлийн өвчин эмгэг, сэтгэл зүйн өөрчлөлтөнд өртдөг. Ялангуяа Монголд агаарын бохирдол, хөрсний бохирдол, утаа гамшгийн түвшинд хүрсэн байгаа энэ үед хүн бүр зөв амьсгалж эрүүл мэндээ сайжруулах нь чухал байгаад байна. Амьсгалаар хүн эрч хүч энергийнхээ 80 хүртэлх хувийг, нойр хоолоор 20 хүртэлх хувийг нөхөж авдаг. Тиймээс зөв амьсгалах бол эрүүл байх хамгийн чухал зүйл. Манай жирэмсний сургалтанд амьсгалах арга техникийг түлхүү оруулж өгдөг. Ээж нь дутуу амьсгалж байгаа тохиолдолд ураг ямар хэмжээний хүчилтөрөгчөөр хангагдаж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Жирэмсэн эхчүүд иогийн амьсгалын дасгалыг хийснээр урагт хүчилтөрөгчийг хангалттай өгч, ээж өөрөө сэтгэл санаа өөдрөг, амгалан тайван байх боломжтой байдаг. Мөн дасгал хөдөлгөөн хийснээр төрөх явцад бэлдэж аарцагны уян хатан байдлыг сайжруулж, булчингуудын хүчдэлийг нэмэгдүүлж өгнө. Амьсгалаа зөв авч гаргах нь төрөх процест маш их нөлөө үзүүлж, хялбар хүндрэлгүй төрөх боломжийг олгодог юм. Бас иогоор хичээллэснээр хэт их жин нэмэх, хүүхэд хэвлийдээ хэт томорхоос сэргийлдэг. Гэхдээ бид эмчийн зааврын дагуу иогоор хичээллэх боломжтой эхчүүдийг хүлээж авдаг юм.

– Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүүрний иогийг маш их сонирхох боллоо. Нүүрний иогийн талаарх цогц мэдээлэл өгөөч?

– Нүүрний иог нь шинэ зүйл биш. Эртний Египетийн хатан Клеопатра, эртний Хятадын хатад нүүрнийхээ залуу байдлыг хадгалахын тулд дасгал хийдэг байсан түүхэн баримт бий. 19-р зууны эхээр хүртэл Америкийн алдартай жүжигчид, дуучид өөрсдийн хийдэг нүүрний дасгалаа сонинд хэвлэж олонд хүргэдэг байсан. Бидний нүүрний 57 булчингаас өдөр тутам идэвхитэй ажилладаг 20 гаруй булчин байдаг. Үлдсэн 30 гаруй булчин төдийлөн идэвхитэй ажилладаггүй гэсэн үг. Эдгээр булчин идэвхитэй ажиллахгүй хөшиж суларснаас шалтгаалан нүүрний арьс унжиж, үрчлээ нугалаа үүсэн, хэлбэр төрх нь өөрчлөгддөг. Тиймээс өдөр тутам эдгээр булчингуудыг ажиллуулж дасгалжуулснаар арьс чангарч, хаван хуян арилж, үрчлээсүүд тэнийж, арьсны уян хатан байдлыг сайжирч, арьсны гадаргуу жигд толигор болдог. Нүүрний иогийн үр дүн 14 хоногт гарч ирдэг. Жижиг үрчлээсүүд тэнийх хаван буурах гэх мэтээр илэрнэ. Дараа нь доод зовхины уутанцар, сарвуу үрчлээ, духны үрчлээ, хөмсөг хоорондын босоо үрчлээс арилж завьжны унжсан байдал өргөгдөж сэргэг болно. Нүүрний иогийг 10 хурууны тусламжтай хийх бөгөөд ямарч эрсдэлгүй, тоног төхөөрөмж ашиглахгүйгээр залуу сайхан харагдах боломжтой юм. Биеийн иогийг бодоход цөөн хоногийн сургалттай, гарын авлага (DVD)-аар хангадаг учир гэрийн нөхцөлд бие даагаад өөрийгөө дасгалжуулаад байх боломжтой. Нүүрний иогоор 6-9 сар хичээллэснээр өөрийн байгаа наснаасаа 5-10 насаар залуу харагдах бүрэн боломжтой байдаг.

-Агаарын иог нь монголд сургалтаа явуулаад хэр удаж байгаа вэ, ач тусын талаар сонирхуулбал?

– Энэ иог нь Монголд танигдаад нилээдгүй хугацаа өнгөрч байгаа. Уламжлалт иогийн ихэнх дасгалуудыг амьсгалтай хослуулан тусгай зориулалтын даавуун дээр буюу агаарт хийдгээрээ онцлогтой. Бүх биеийн булчингуудыг жигд хөгжүүлж, уян хатан байдлыг сайжруулж, тэнцвэрийг бий болгох, биеийн ерөнхий тамирыг нэмэгдүүлэх, стресс бууруулах гэхчилэн маш олон талын ашиг тустай. Сүүлийн үед хүмүүс амьдралын буруу хэвшлээс шалтгаалаад нуруу нь их өвддөг болсон. Агаарын иогийн ихэнх дасгалууд нь ертөнцийн хуулийн эсрэг сунгах үйлчлэл үзүүлдэг, зарим нэг дасгал нь физик эмчилгээний эмчилгээтэй (нурууны татлага гэх мэт) ижил төсөөтэй байдаг учир нурууны суулттай, төрөлхөөс уян хатан чанар муутай хүмүүст их сайн нөлөө үзүүлж байгаа. Мөн өсвөр насны залуучуудын өсөлт хөгжилтөнд сайн давуу талтай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …