Загварын тайзнаас шуудхан л урлагийн тайз руу гарсан О.Мөнхдалай өдгөө “Хувьсал” продакшнд харьяалагддаг.
Гавьяат жүжигчин У.Уранчимэгт ихэд тоогдож, тусгай багшаар хичээл заалгаж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр болсон гэдэг. “Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй.
Олны хараанд байдаг тэр энэ удаа дэлгэцийн бүтээлд хамгийн их нүцгэлсэн залуу гэдгээрээ бас нэгэн шуугиан тариад амжив. Нээрээ ч тэр тоглосон кино бүрдээ хагас нүцгэн биеэ хайр найргүйгээр үзүүлдэг нь нууц биш. Мэдээж эхээс төрсөн биеэр эфирт гарахын тулд урт хугацааны хөдөлмөр, нарийн чанд дэглэм баримталсан нь тодорхой. Гэхдээ дэлгэцэнд л “ураад өгдөг” болохоос загвар өмсөгч О.Мөнхдалайг амьдрал дээр даруухан, буурь суурьтай нэгэн хэмээн ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ.
“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчдийн талархлыг ихэд хүлээж байгаа. Энэ удаа ч мөн загвар өмсөгч залуу киноны гол дүрийн хамтрагч болох жүжигчин О.Дөлгөөнтэй хамт дахин хагас нүцгэлжээ. Тэдний зураг авалтын талаар “Тэнгэрээс буусан од” киног үзсэн амтай болгон шагшиж байна. О.Дөлгөөн анх “Сүүлчийн шөнө” кинонд тоглохдоо нүцгэлж байсан гэдэг. О.Дөлгөөн харин шинэ дүрээ бүтээх үеэр “Fifty Shades of Grey” киноны бүсгүй шиг халуухан хувцасласан нь зохисон гэж жигтэйхэн. Эмэгтэй хүний хувьд ид боловсорсон жимс шиг хамгийн ялдам насан дээрээ гоо сайхан дүр төрх, гоолиг бие галбираа дэлгэцэнд мөнхөлнө гэдэг аз завшаан.
Залуусын хэн хэн нь гэр бүлтэй, тогтвор суурьшилтай хүмүүс. Тэр тусмаа илүү романтик мэдрэмжтэй, хайрыг хайрлаж амталж үзсэн хүмүүс гэсэндээ дүр дээрээ төгс ажилласан гэж үнэлэгдэх болжээ.