УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног хийх болсон талаараа өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, түүхэн удирдагч Ю.Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” уран сайхны кино хийнэ” гэв.
“Түүх мартахгүй” киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж.Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээх юм.
Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллах юм байна.
Харин “Түүх мартахгүй” киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор,түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж.
Киноны зураг авалтын үндсэн ажил дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.