Б.Гарамгайбаатар: Өвчин зовлон ярьж гуйж гараагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар эсэргүүцэн өнөөдөр /2019.03.27 /мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өчигдөр /2019.03.26/ УИХ-д Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төслийг эсэргүүцэн чуулганы хуралдааныг орхин гарсан юм.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар“Сүүлийн үед ярих болсон хонгил гэгчээр өнөөдрийг хүртэл би явж байна. Намайг 2013 оноос хойш шалгаж мөн надтай хамаарал бүхий хүмүүсийг бүгдийг нь шалгаж өнөөг хүрсэн. Хавтаст хэрэг нээгдээд зургаан жил болж байна. Анхан шатны шүүхээр орсон боловч анхан шатны шүүхээс буцаасан. Өчигдөр УИХ-ын чуулган дээр миний нэр дурдагдсан учраас би энэ мэдээллийг хийж байна. МАН-ын  гишүүдийн нэг нь миний нэрийг онцолж байгаад хэлж байна лээ.Намайг нэг өдөр гэрчээр дуудаж 10 хоног хорьсон, би энэ хугацаанд хуурай өлсгөлөн зарласныг та бүхэн мэдэхгүй. Аргагүйн эрхэнд намайг тэндээс гаргасан.

Би өвчин зовлон ярьж гуйж гараагүй. Хэлмэгдүүлэлт гэж байдгийг би зах зухаас нь мэднэ. Хонгил байдаг гэдгийг мөн мэднэ. Өнөөдөр таван эр зоригтой хүн УИХ-ыг бужигнуулж нийгмийг хөдөлгөөнд оруулж байгаа тэд өөрсдийгөө баатар гэж бодож байгаа байх. Энэ хүмүүс хонгилыг гартаа авахын тулд тэмцэж байгаа хүмүүсийн өмнөх сум нь, бусад нь ард нь бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр парламентыг үгүй хийх гэж байна. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан бол хэрэгждэг гэдгийг өчигдөр Ж.Батзандан өөрөө нотолж байгаагийн хувьд Үндсэн хуулийг зөрчиж Үндсэн хуулийн бус аргаар удирдах эрхийг булааж авч байгаагийн хэлбэр.

Манай намаас нэр дэвшиж байсан Ерөнхийлөгч мөн түүний багийнхан хамтарч ажиллаж байгаад үнэхээр харамсаж байна. Үүнийг АН дэмжиж хэрхэвч болохгүй. АН баруун төвийн нам гэдгээ зарласан. Иргэдийг мэдээлэлгүйгээр нь далимдуулж тоглож байна. Мөн ЖДҮ бол Ж.Энхбаяр гишүүний ярьдаг шиг зүйл биш шүү” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн …