Газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нараас санал авч олгоно

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 14-ний өдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг шинэ журмаар явуулахаар болж, дүүрэг бүрийн Засаг дарга нар тулгамдсан асуудлаа танилцуулдаг байхаар тогтсон. Үүний дагуу нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Дүүрэгт хийгдэж буй зам тухайлбал Доржийн гудамжны зам засварын ажлыг хийж гүйцэтгэхэд явган хүний зам, гэрэлтүүлэг хийгээгүйгээс иргэд хаагуур явах нь тодорхойгүй болж, зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсэн. Өнгөрсөн 7 хоногт ШУТИС-ийн КТМС-иас Цайз хүрэх замд зам тээврийн 5 осол гарч, 3-ынх нь эзэн холбогдогч нь тодорхойгүй байх жишээтэй. Энэ зам ер нь их муу хийгдсэн нь одоо цөмөрч эхэлснээс шууд харагдана. Мөн дүүргийн хэмжээнд нийт 227 ширхэг таггүй инженерийн шугам сүлжээний худгууд байна. Харьяалагдах байгууллагуудад удаа дараа тагжуулах шаардлага хүргүүлдэг ч шийдвэрлэгдэхгүй олон жил болсон. Хамгийн гол нь эдгээр таггүй инженерийн шугам сүлжээний худгууд явган хүний зам дагуу, орон сууц, гэр хорооллын дунд ихээр байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн дараагийн иргэдийн эрх болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл бол нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийн асуудал. Жишээ нь Нарны  зам Чулуун овооны уулзварын баруун урд иргэн Балдан-Очир явган хүний зам дээр барилгаа барьсан байгаа юм. Эдгээр асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэж мэдээллээ.
Харин Баянгол дүүрэгт хосолмол бүсийн айл өрхөд нийлүүлэгдэх боловсруулсан түлшний асуудал хамгийн хүндрэлтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Оросоо дуулгалаа. Тус дүүрэг нь жилд 24922 тонн кокос, 12461 тонн үртсэн шахмал түлшний хэрэгцээтэй бөгөөд 2013-2014 оны халаалтын улиралд 10 сарын 14-ний өдрийн байдлаар 491,5 тонн нөөцтэй байгаа нь цаашид нөөцийг нэмэгдүүлэхгүй бол энгийн нүүрс түлэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг дүүргийн Засаг дарга учирлаж байна. Мөн гэр хороолол дундах замыг засварлахгүй бол хүн явахын аргагүй болсон гэдгийг онцлон мэдээлсэн юм.
Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хийгдэж байгаа ч 4 сургууль, 4 цэцэрлэгийн инженерийн байгууламжийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол өвлийн улирлыг өнтэй давахад хүндрэл учирна.Тиймээс шаардагдах хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Отгонбаатар  хүссэн.
Энэ мэтчилэнгээр дүүрэг тус бүрд яаралтай шийдвэрлэх ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн дүүргүүд асуудалгүй бол хот асуудалгүй гэсэн үг. Тиймээс цаашид нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дүүргүүдийн асуудлыг энэ байдлаар хэлэлцэнэ. Хот дүүргийнхээ асуудлыг, дүүрэг хорооныхоо асуудлыг шийдвэрлэчихвэл бидний хамтын ажил улам бүр урагшлах болно. Өмнө нь газрын асуудал хууль дүрэмгүй явж ирсэн. Одоо энэ бусармаг байдлыг бүр мөсөн халж газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг даргаас санал авч олгоно. Нэг ч газрыг дүүргийн Засаг даргаас санал авахгүйгээр олгохгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх саналыг холбогдох хүмүүст хүргүүлсэн. Нийслэлд даргын төлөө биш иргэн, дүүрэг, хорооныхоо төлөө ажилладаг сэтгэлтэй хүн хэрэгтэй. Тиймээс дүүргийн засаг дарга нар саналаа хүргүүлээрэй” гэлээ.  Дүүргийн Засаг дарга нарын тавьсан зарим асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …