“Марко Поло” киноны ерөнхий зураглаач Монголд ирнэ

“Хануй филм” Төрийн бус байгууллагаас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анхдугаар наадмыг зохион байгуулагчид өнөөдөр /2019.03.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар зохион байгуулснаар Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой юм.

“Холливуд Монголд” гадаадын 16 зочин албан ёсоор хүрэлцэн ирэх юм байна. Тэдний дунд Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлчид ирэхээр болжээ.

“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг:“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн онцлог дэлхийн хэмжээний Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг эх орондоо уриад тэдний туршлагаас суралцах, хамтран ажиллаж ирээдүйд Монголын нутаг дэвсгэрт Холливудын хэмжээний уран бүтээлийн зураг авалтыг хийх, хамтарсан продакшн хийх алсын хараатайгаар фестивалийг анх удаа зохион байгуулж байна.

“Холливүүд Монголд” төслийн зөвлөх, МҮМХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа:Монголын үндэсний маркетингийн холбоо энэхүү фестивалийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Дэлхийд кино урлагаар тухайн улс эх орноо сурталчилж, аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Тиймээс Монголд ирэх 16 зочидтой ирээдүйд Монголын тухай кино хийх, Монголын нутаг дэвсгэрт зураг авалт зохион байгуулах ач холбогдолтой. Монгол Улс асар их түүх соёлтой улс. Энэ 16 зочин Монголд ирлээ гэж биднээс ямар нэг төлбөр мөнгө авахгүй. А.Баярцэцэг олон улсын 14 кинонд тоглосон. Энэхүү хүрээнд эдгээр хүмүүсийг урьсан.

“Холливүүд Монголд” төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр:Холливүүдийн А зэрэглэлийн алдартай уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр Монголд ирнэ гэдэг нь манай улсыг олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой. Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Анхдугаар наадам гэдэг утгаар ямар нэг туршилтын зүйл байх ёсгүй гэж үзэж бид маш өндөр түвшний зохион байгуулалттайгаар, 60 гаруй залуучуудын оролцоотойгоор ажлаа явуулж байна.

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадамд Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломж нээгдэх юм.

Танилц: “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд хүрэлцэн ирэх уран бүтээлчид

1. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак: Дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон

2. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум

3.Продюcер Тим Коддингтон : Мулан”, “Галзуу баян азиуд”, “Нарниа” зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4.Найруулагч Дэвид Петрарка: “Хаадын тоглоом”, “Дайчин”, “Марко Поло” зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Жүжигчин Rudy Youngblood: Апокалипто, “Салхинд туугдагсад”, “Хоосрол” зэрэг кинонд тоглосон.

6. Оскарын шагналт, өнгө хувиргагч Йохим Зелл: “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй” зэрэг кинонд ажилласан.

7. Кастинг директор Попинг Аувеун; Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил: Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

9. Зураглаач Ваня Сернжүл: “Галзуу баян азиуд”, “Марко Поло”, “Улбар шар бол шинэ Хар” гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин Витаяа Пансрингарм: “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч” зэрэг киноны жүжигчин.
11. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал Лойд Кауфман: (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))
12. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner) Патришиа Свинни Кауфман

13. Эммигийн шагналт кино зураач Цеце Дестефано: Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Өргөө” кино театр, хамтран зохион байгуулагчаар “Green Travel” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Дижитал контент” ХХК, “Хөх тавилан” кино групп ажиллаж байгаа аж.

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …