Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолыг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, батламжлав.
2016 оны сонгуулийн маргаан шийдэгдээгүй тул тус дүүрэг хоёр жил гаруй хугацаанд Засаг даргагүй байсан юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засаг даргад Э.Бат-Амгаланг дэмжиж, батламжлуулахаар нийслэлийн Засаг даргад нэрийг нь өргөн барив. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн ИТХ-аас ирүүлсэн саналыг судалж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилов.