Кёкүшюзан Д. Батбаяр ахмад тамирчин Ц.Раднаад орон сууц бэлэглэнэ

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болсон билээ.

Тус тэмцээнд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа амжилттай оролцож гурван алтан медаль хүртсэн.
Тэрбээр Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон билээ.

Тэгвэл Кёкүшюзан Д.Батбаяр Дэлхийн гурван удаагийн аварга Ц.Раднаад орон сууц бэлэглэхээр болсон байна. Орон сууцны түлхүүрийг өнөөдөр /2019.04.04/ Ц.Раднаад гардуулан өгөхөөр болжээ.

Дэлхийн гурван удаагийн аварга 85 настай Ц.Раднааг энэ сарын 2-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэх үеэр түүний сэтгэгдлийг сонссон юм.

Тэрбээр “Монголынхоо ард түмэнд үнэхээр их баярлалаа. Та бүхэн надад үнэхээр их том урам зориг өглөө. Сэтгэл их өндөр байна. Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш. Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би олон шавьтай. Насаараа спорттой холбоотой байгаа миний хувьд өнөөдөр баяртай байна. Биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна. Архи, тамхи хэрэглэдэггүй учраас өдий зэрэгтэй яваа юм. Спортоор хичээллэж явсан болохоор надад олон талын өвчин байдаггүй. Ганцхан биеэ эрүүл саруул, чийрэг авч явсны ач тус юм даа. Багшийн ажлаа хийгээд тэтгэвэрт гарсны дараа мал дээр хэсэг байсан. Тэгээд эхнэр, бид хоёр хотод хүүхдүүд дээрээ ирлээ. Долоо хоногт хоёр удаа бүжигт явдаг. Энэ ч бас нөлөөлсөн байх. Мөн бэлтгэлээ хийх зорилгоор байнга явган алхана. Үүний ач тусаар би ийм том амжилтад хүрлээ” гэж баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …