Хаврын улирал эхэлж, Ардчилсан намаас ээлжит жагсаалаа зохион байгуулахаар боллоо. Та сошиал ашигладаг бол 100-аас дээш жагсагч авч ирвэл нэг сая төгрөг хүртэл мөнгөн шагнал өгнө гэх агуулга бүхий албан бичгийг олж харсан байх. Энэ бол Ардчилсан намаас зохион байгуулж буй жагсаалын зар юм. Нэгэн цагт хөдсөн дээлтэй хувьсгал хийж байсан Ардчилсан нам өнөөдөр жагсагчдаа мөнгөөр хөлсөлдөг болжээ.
“Ажил хийсэн хүний ам тосддог” гэдэг зүйр үгийн зарчмаар хөдөлмөрөө үнэлүүлж байгаа жагсагчдыг буруутгах аргагүй юм. Харин хувьсгалч нам мөнгө төлөн байж хүмүүс цуглуулчихаад яг ямар асуудлыг шийдэж, эсэргүүцэх гээд байна вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Улсын Баатар Э.Бат-Үүл өөрийн хүүгийн хамтаар гэр хорооллын олон өрхийг гудамжинд гаргачихсан үйлдлийнхээ гэм бурууг бусдад нялзайж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа харагдсан. Үүнтэй адил намын төв аппаратын жагсаалын сэдэв тун бүрхэг, зорилго нь ч бас тодорхойгүй. 60 тэрбум, Эрдэнэт үйлдвэр, ЖДҮ, шударга ёс … гэх мэт. Үүнийг АН эсэргүүцэж жагссан жагсаагүй олон нийт эсэргүүцсээр байгаа билээ.
Харин өнөөдрийн энэхүү зохион байгуулалттай үйлдэл нь Баянзүрх дэх эрх мэдлээ эргүүлэн авах гэсэн оролдлого байж магадгүй санагдлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АН Баянзүрх дүүрэгт олонхийг бүрдүүлж байв. Гэхдээ маргаантай тойргууд байсан учраас нөхөн сонгууль явагдаж, МАН олонх боллоо. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Баянзүрх дүүрэг албан ёсны удирдлагатай болж үйл ажиллагаа нь жигдэрлээ.
Ингэж АН Баянзүрх дүүрэг дэх эрх мэдлээ алдсан бөгөөд олон нийтийг хамарсан уг жагсаалаар дамжуулж хотын даргын шийдвэрт нөлөөлөх гэж оролдох магадлалтай. Үүний нотолгоо нь ойрын үед сошиал хуудсаар хэт нэг талыг барьж хотын дарга руу довтолж байгаа үйлдлүүдээр батлагдаж байна.
Нэг талыг барьсан дайралтуудын цаанаа улс төр л байдаг. Үүнийг ч иргэд маш сайн мэддэг болоод удаж байна. Мөн өнөөдрийн жагсаалын зорилгыг ойлгосон иргэд эсэргүүцсэн агуулгатай сэтгэгдэл бичсээр байна.
Үзэл бодлоороо нэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулна гэдэг нэг хэрэг. Харин мөнгөөр хүнийг хөлсөлж, өөрийн явцуу эрх ашгаа хамгаалуулна гэдэг нь өөр хэрэг юм. Зөв зүйлийг иргэд мөнгө төлсөн төлөөгүй дэмжиж оролцоно. Буруу бол хэчнээн мөнгө төлөөд ч үзэл бодлыг худалдан авч чадахгүй юм.
А.Аюуш