О.Сайнбаяр: Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьж зараад байгаа хүмүүсээ шалга л даа

Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. “Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаяр ”Энэ газрыг анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 743 дугаартай гэрчилгээг БОАЖЯ-наас “Зүүнбаян рэйфанери” компани авсан байдаг.

Хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, нийслэлээс холгүй гээд тохиромжтой байсан тул уг газрыг сонгож, газар эзэмшигч компанийн захирал болох С.Уламбаяр гэдэг хүнтэй уулзаж, төслөө танилцуулсан. Ингээд биднийг дэмжсэн тул 2014 оноос төслийн ажлаа эхлүүлсэн. Газарт хөрөнгө оруулах гэж байгаа хүн мэдээж бүх зүйлийг хууль ёсны дагуу хийнэ.

“Зүүнбаян рэйфанери” компани төсөлтэй холбоотойгоор газар эзэмшиг эрхийг О.Сайнбаяр миний нэр дээр шилжүүлэхээр БОАЖЯ-нд хоёр ч удаа албан бичиг явуулж, хүсэлт гаргасан ч тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийг шилжүүлдэггүй гэсэн тайлбар өгсөн тул төслийг “Зүүнбаян рэйфанери” компанийн нэр дээр цаашид үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс С.Уламбаяр гэдэг хүн одоо манай төсөлтэй огт холбоогүй, оролцоогүй. Гэтэл үүнийг хотын даргатай холбогдуулан улстөржүүлж, аялал жуулчлалын бизнес хийх гэсэн биднийг ажлыг зогсоож, харлуулж байгаад гомдолтой байна.

2014 оноос хойш бид хууль журмын хүрээнд шаардлагатай бүх баримт бичиг, зөвшөөрлийг дарааллынх нь дагуу аваад явж байсан. Хуулийн хүрээнд ажиллаж байсан. Гэтэл 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан гэсэн боловч бидэнд албан ёсоор бичиг ирээгүй, авах гэсэн боловч олдоогүй. Уг бичгийг хүлээж авснаар шүүхэд хандах миний эрх нээгддэг. Тиймээс би өөрөө хайж, гуйж, хөөцөлдж явж байж газрын зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг 2018 оны тавдугаар сарын 8-нд олж аваад, 80-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил зогссон байгаа.

Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй мэт ганцхан “Зүүнбаян рэйфанери” компани руу дайрч байгааг улс төржилт гэж ойлгож байна.

Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой барилгын талбайд орж буй бургасыг яах талаар бид нийслэлийн Байгаль орчны газарт хандсаны дагуу үнэлгээ хийлгэж, шаардсаны дагуу 20 орчим сая төгрөг төлсөн. Харин БОАЖ-ын сайд Цэрэнбатын яриад байгаа 13 тэрбум төгрөгийн хохирлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Туул голоос урагш бүх газар Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг. Энэ газар аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхийг олгож, тав таван жилээр сунгаж явдаг. Энэ бүсэд 1,387 иргэн, ААН үйл ажиллагаа явуулж байхад яагаад зөвхөн манай компани руу дайраад байгаа юм бэ? Бид орон сууц, суурьшлын бүс байгуулаагүй, хуулийн дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа. Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьж зараад алга болж байгаа хүмүүсээ шалга л даа. Их тэнгэрийн аманд, төрийн тусгай хамгаалалттай газарт каркас босгосон газрыг шалга л даа. Тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тэр бүх зөвшөөрлөө цуцлаад нураавал хамаа алга, би ч гэсэн нураая” гэлээ.

Санал болгох мэдээ

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын …