Японы мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байна.
Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хакухо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар албан ёсны хүсэлтээ илгээсэн гэх мэдээлэл байгаа юм.
Уг мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн алба, Гадаадын иргэн харьяатын газраас тодрууллаа.
Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба: Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар манайд хандаагүй байна. Иргэншлээ солих асуудлаар эхлээд Гадаадын иргэн, харьяатын газарт хандах ёстой. Түүний дараа ГИХГ-аас манайд материалыг нь ирүүлдэг журамтай. ГИХГ-аас Хакухо М.Даваажаргалтай холбоотой материал ирүүлээгүй.
Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн: Одоогоор манайд тийм хүсэлт ирээгүй байна. Хуулийн дагуу манай байгууллагад хүсэлт ирсний дараа Ерөнхийлөгчид саналыг нь хүргүүлнэ.