
Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг Оросын Шинжлэх ухаан, Соёлын төв /РЦНК/-д энэ сарын 22, 23-нд болох талаар зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн төвд мэдээлэл хийв.
Өдөрлөгийг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн илтгэл, зөвлөгөөн, номын үзэсгэлэн, уулзалт, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийн ном сонгоход туслах зөвлөмжийг танилцуулах юм. Өдөрлөгийг зохион байгуулснаар хүүхдийн зохиолчид, хэвлэлийнхний хамтын ажиллагаа сайжирч, харилцан бие биеэ дэмжих, ивээн тэтгэх байгууллагууд бий болох, зохиолчид бүтээж буй номынхоо агуулга үр нөлөөнд анхаарч орчин үеийн ном бүтээх арга зүйд суралцах, үндэсний контент бий болох суурь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байна.
Энэ үеэр “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд” Хүүхэд номонд дуртай болдог үе бол 6 хүртэлх насанд байдаг бөгөөд хувь хүний төлөвшлийг бий болгох эхлэлийг тавьдаг үе гэж үздэг. Харамсалтай нь энэ насанд зориулсан үйл ажиллагаа манай улсад дутагдалтай байдаг. Тиймээс энэ дутагдлыг арилгах зорилгоор “Хүүхэд монголын ирээдүй” уриан дор ном хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, түншлэлийн хүрээг өргөжүүлэх, орчин үеийн ном бүтээх арга зүйгээр хангах, хүүхдийн номын хэвлэлийн стандартыг дагаж мөрдүүлэх, зохиолчдод урам зориг, шинэ санаа өгөхөөр энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна” гэв.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл