Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Л.Оюунтунгалаг сонгогдлоо

 

Монголын сайтын холбооны дөрөвдүгээр чуулган өчигдөр /2019.04.30/ болж, холбооны удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж, дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн чуулганд холбооны нийт 72 гишүүн байгууллагын 66 байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан Э.Батхүү хийж хэрэгжүүлсэн ажлаа гишүүддээ танилцуулсан юм. Тус хуралдаанаар МоСаХ-ны дүрмийг шинэчилж баталлаа.

Дүрмийг шинэчлэн батлахдаа Монголын сайтын холбооны ээлжит чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байсныг гурван жил болгож өөрчлөн, удирдлагын багийн бүтцэд мөн өөрчлөлт оруулан Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, салбар чиглэл хариуцсан хоёр дэд Ерөнхийлөгчтэй байхаар батлав. Түүнчлэн холбооны Удирдах зөвлөлийг 15, Хяналтын зөвлөлийг долоон гишүүнтэй байхаар өөрчлөлт орууллаа. Дүрэмдээ өөрчлөлт оруулсны дараа Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонгож, Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарыг сонгов.

Ийнхүү Монголын сайтын холбоог ирэх гурван жил удирдах Ерөнхийлөгчөөр INDER.MN сайтын захирал Л.Оюунтунгалаг 100 хувийн саналаар сонгогдлоо. Мөн тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр DORGIO.MN сайтын захирал Э.Батхүү, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр NEWSPRESS.MN сайтын эрхлэгч Г.Улсболд, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр SHUDARGA.MM сайтын захирал Б.Цоожчулуунцэцэг нар сонгогдов.

МоСаХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюунтунгалаг тамгаа гардаж авсны дараа ирэх гурван жилд цахим сэтгүүл зүйн салбартаа үлгэрлэн ажиллаж, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэхийг нийт гишүүддээ уриаллаа.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …