Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна

XX зуунд хүн төрөлхтний түүхэнд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайны нэг болох дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая цэрэг оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн билээ. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ. Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайны төгсгөл болсноос хойш өдгөө 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа зохион байгуулна.
Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадын сонирхол татах зүйл нь Батлан хамгаалах сайдын хөлөглөх автомашин гэж тодотгож байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаагийн цэргийн парадыг командлахдаа үндэсний үйлдвэрлэлийн Aurus лимузинг хөлөглөх ажээ. Харин шинэ зэвсэг техникээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Ялалтын баярын бэлтгэлийн үеэр харагдаж байсан шинэ зэвсэг, техник нь тавдугаар сарын 07-нд болсон нэгдсэн бэлтгэлийн үеэр огт харагдаагүй болохыг хэвлэл мэдээллийн агентлагууд онцлов. Харин судлаачдын үзэж буйгаар, шинэ зэвсэг, техникийг тийм ч амархан үйлдвэрлээд олон нийтэд дэлгээд үзүүлээд байдаггүй. Үүнд маш их цаг хугацаа шаардлагатай хэмээн тайлбарлав.

Ялалтын баяр яагаад бидэнд чухал вэ ?

Дэлхийн II дайн бол дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлснөөрөө бидэнд хамааралтай түүхэн үйл
явдал билээ. Хэдийгээр бид энэхүү дайнд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй тэмцэлд нэгдэн орсон билээ. Монгол Улс Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан билээ. Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсч, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ.
Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн юм.


Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …