Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.
Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Сайн багш-Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгуулав.
Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 37 сургууль, 118 цэцэрлэгт 4200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулж байгаа нь онцлог байлаа.