Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг нийт малчид, тээвэрчид, иргэдэд Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, өнөө шөнө /2019.05.15/ Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Харин маргааш өдөр /2019.05.16/ Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх юм.
Одоогийн байдлаар зарим нутагт их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа гулгаа үүссэн тул хэсэг чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны тавдугаар сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.
2019 оны тавдугаар сарын 17-ноос тавдугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-20-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Мөн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарах юм.