​Зул үг

Өдгөөгөөс 59 жилийн тэртээ өврийн сайхан хангайн үлэмжийн буяны чуулгант Хужиртын рашаан, өл буга хөл нь бороолоод дэгдэн гарсан домогтой Шунхлай хайрхны хормойд аз хийморь нь ид бадамласан нэгэн айлд өлгий дүүрэн хүү мэндэлжээ. Гаваагийнхан монгол хэлний сая үгсээс шилж, шилж Батхүү гэдэг алдрыг хүүгийн баруун чихэнд шивнэсэн нь юутай оноо вэ.

Бат гэдэг: Алтан гадас одны нэр. Бат гэдэг: эвдэршгүй бөхийн бэлгэдэл. Урвахгүй үнэнч, хазайхгүй тогтвортой гэх төгс утгыг бат хэмээдэг дээ. Аавын ууган хүү: алдартаа таарсан эрийн эр явсныг түүний түүх батална.

Нэг удаа Улсын их хурлын дэд дарга, хоёр удаа төрийн сайд, гурван удаа Улсын их хурлын гишүүнээр сонгогдож, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж явсан түүхэн гавьяат хүү бол Батхүү байлаа.

Нүд: хоёр тийшээ харвал тодрол үгүй. Түшмэл: хоёр эзэнд үйлчилбэл журамгүй болно гэдгийг бат баримталдаг улстөрч Батхүү байлаа.

Муу нэрт өөлд өвгөнд сайхан сэтгэлт халх эр сайн байсан нь хоёр зүйлийн учиртай. Нэгдүгээрт, Нутгийнх нь хийморийн дарцаг болсон хурдан ажнайн тухай 62 жилийн тэртээ “Арвайхээр” найраглал бичсэнийг, нэг, хоёр удаа шатаагдсаныг хурдан морь унаж өссөн, Толин хулын сувдан хөлсийг суллаж, алтан хөлсийг аадарлуулсан торгон жолоог өргүүлж, баяссан Батхүү мэдэхийн дээдээр мэддэг байж. Хоёрдугаарт, АПУ-гийн ачигч: ардын уран зохиолч болсонд бахархдаг байж. Тэгээд л яруу найрагчийн цолны мялаалга, номын хуримыг хувиасаа тэтгэсэн нь сайн үйл бүхэнд санааныхаа сүүг өргөж байсны зөвхөн ганц баримт. Бусдын төлөө өөрийгөө дундалж явсан буянтны хишгийг хүртсэн малчид, тээвэрчид, тамирчид, урлаг соёлын одод энэ мөчид Батхүүг дурсан санаж, нулимсаа арчин, маань уншиж байгаа нь лавтай.

Батхүү бол: Их үйлсийг эхэлж чаддаг, төгсгөж чаддаг эзэн байлаа. Миний үед АНУ гар үйлдвэр байсан. Батхүүгийн үед орчин үеийн автомат үйлдвэр болсон. Туулын цэнгэг ус бүхий торхонд Зүүнхараагийн гол охи (спирт) бага багаар юүлээд амтлагч эрхэм нь балгаж үзээд “чангаджээ” гэвэл ус нэмдэг. “Сул байна” гэвэл гол охи нэмдэг. “Болжээ” гэвэл савладаг тийм үйлдвэрийг дэлхийн түвшний ууш хүнсний үйлдвэр болгосон гавьяаг булаалдах эрх, бузарлах ам монголд үгүй.

 Батхүү бол хээрийн үгийг хээр ярьдаг. Гэрийн үгийг хоймортоо ярьдаг. Төрийн үгийг ордонд ярьдаг бат зарчимтай эр байв. Сүүлчийн удаа надтай сарын өмнө сэвлэг үргээх сайхан ёслолын хоймор уулзахдаа гурван зүйл ярьжээ.

Нэгдүгээрт, эрдмийн гүрэн ОХУ-д эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Урьдчилсан хамгаалалт амжилттай болсон. Зургаан сард хамгаалаад ирнэ гэж сайхан мэдээ дуулгасан. Хоёрдугаарт, АПУ хамсал (груп) маань сүү, тараг, цөцгий, амтат шимүүс, цэнгэг ус зэрэг хориод нэр төрлийн бүтээгдэхүүн өргөн түмэндээ хүргэж байгаа. Гэвч зөвхөн архи, исгүүн (пиво) үйлдвэрлэдэг мэт төсөөлдөг. Аман зоргоороо ярьдаг хүн мэр сэр байна. Энэ эндүүрлийг залруулъя. Нэгдүгээрт, оносон сэнхрүүлэг сурталчилгаа хийе, та туслаарай. Хоёрдугаарт, монгол хүний оюуны өвийг, монгол нутгийн гайхамшгийг сохорт үзэгдтэл, дүлийд дуулдтал дэлгэрүүлэн дэмжье. Жишээ нь, таны 55 ботийг дэлхийн алган дээр дэлгэн тавьбаас АПУ-г уушны үйлдвэр гэх үү, ухаан авьяас түгээн дэлгэрүүлэгч гэх үү энэ талаар харилцан яръя, хамтран ажиллая гээд ханхар цээжиндээ өөлд өвгөнийг тэвэрч билээ.

Батхүү гэж нэг ийм

Айл гэртээ бол ханагар хаан

Ард олондоо бол данагархан зарц

Ахан дүүсдээ бол ган тайлагч Орхоны хүрхрээ

Анд нөхдөдөө бол Аж богд хайрхан

Ахмад буурлуудад бол хүүгийн дайтай хүү

Алсч хараа нь  алдас үгүй луужингийн зүү

Ашдын заяа нь Монголдоо өргөсөн цацлын сүү байлаа даа хөөрхий

Мөчир нь бүтэн нэг мод байдаггүй

Элэг нь бүтэн нэг ч гэр бүл байдаггүй

Энэрэлгүй хорвоогийн дайрлагыг яалтай

Эрхэм сайн дүү Батхүү минь

Эргэж түргэн олоод

Эзэн Чингисийн Монголдоо инээн төрөх болтугай

Ум маани бад ми хум!

Ардын уран зохиолч Тангадын Галсан 2019.05.22

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …