ОЛОН ӨНГӨ: Технологийн боол

Технологийн эрин хөгжихийн хэрээр бид нийгмээс холдож, амьд харилцаа, түүнээс авах мэдрэмж мэдрэхүйгээ алдсаар байна. Дал, наяад оныхны хүүхэд насыг төдийлөн сайн мэдэхгүй. Чих тавин сонсоход үлгэрийн оронд байсан юм шиг мэдрэмж, атаархал төрдөг.

Миний болон бидний хүүхэд нас одоо үеийнхнээс бас өөр, бид хамтын төсөөлөл, мэдрэмж дунд сайхан хөгжилддөг байлаа. Гайхалтай сайхан эерэг дурсамж олон байдаг. Тэгвэл хойч үе маань юу ярьж, юу бодож хүүхэд насаа төсөөлөх бол? Тэдэн онд тийм утас, ийм тоглоом, компьютер гарч байлаа гэх үү? Техник технологийн дэвшил асар хурдацтай хөгжихийн хэрээр хүний амьд харилцаа сэтгэлийн орон зай нэг нэгнээсээ алсарсан ийм цагт амьдарч байна. Бид түүнийг дагаж хувьсах нь давуу талтай ч ирээдүйгээ харахаар хөөрхийлөлтэй ч юм шиг. Хэтэрхий зожиг ч болж өөрийгөө илэрхийлэх итгэлгүй болж байна. Түүнийгээ дагаад ядрах, стрессдэх, өвчин эмгэг тусах нь ч нэмэгдэж, хүн нь ч, нийгэм ч өвчилж байх шиг.

Хэн, юу буруутай вэ? Шинжлэх ухааныг даган хувьсагч бид үү? Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх байгууламж, талбай хомс байлгаж буй ТЭД үү? Сошиал орчинд ямар насныхан идэвхтэй байгаа талаарх нэгэн судалгаанд 16-34 насны хүмүүс нийт хэрэглэгчдийн 30-40 хувийг эзэлж байна гэжээ. Ид хийж бүтээх, идэвхтэй амьдрах насан дээрээ ийм баймааргүй байна, залуус аа. Амьд харилцаагаа аваръя. Дэлхий нийтийн хөгжил, технологийн хурдыг зогсоох аргагүй. Гэвч бид хамгийн наад зах нь амьд харилцаа, том агуулгаар нь бодоход уламжлалт ахуйгаа хөгжил нэрийн дор үгүй хиймээргүй байна.

М.Тэнүүн

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …