Энержи Ресурс компани зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд 920 сая төгрөг хандивлалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй олон бяцхан үрс болон тэдний эцэг эхийг  бодитоор баярлуулах сайхан үйл явдал тохиолоо.  Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьрал бэлэглэх “Бяцхан зүрх” төслийг хэрэгжүүлэхээр болсноо олон нийтэд дуулгалаа.

Төслийн хүрээнд эмчилгээний зардлаа өөрсдөө шийдэх боломжгүй 40 гаруй хүүхдийн эмчилгээний  зардлыг иж бүрэн дааж, БНХАУ-д мэс засалд оруулан эмчлэх бөгөөд үүнд шаардагдах 920 сая төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр МУЗН-т гардуулан өглөө. Үүнд сонгогдсон хүүхдүүдийн эмчилгээ, замын зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал 100% багтсан байна.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Бяцхан зүрх” нэртэй энэхүү төсөл өнгөрсөн жил БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжсэн бол энэ удаа ийнхүү Монголын дотоодын тэргүүлэх компаниудын нэг Энержи Ресурс компани уг төсөлд хамтарч, санхүүжилтийг шийджээ.

Төслийн хүрээнд хүүхдүүдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллана. Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзнэ. Хагалгааг БНХАУ-ын Хөх хотын улсын эмнэлэгт хийх бөгөөд Хятадын алдартай эмч нар гардан хариуцна гэж төсөл хэрэгжүүлэгчид дурдлаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …