Нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах тухай журмын төслийг нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулсан байна.
“Нийслэлийн соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны тус хорооны иргэн байх ба тэрээр
- “Хотын соёл”-ыг иргэдэд төлөвшүүлэх,
- Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
- Залуучуудын зөв хандлага, хэвшил,
- Эрүүл амьдралын хэв маяг, хэвшил,
- Иргэдийг ажиллаж, амьдарч буй орчиндоо соёлыг түгээхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах,
- Иргэдийн хотын хөгжилд хувь нэмэрээ оруулах, хийж бүтээх үйл хэрэг, санал санаачлагыг нь дэлгэрүүлэх, дэмжих,
- Гэр бүлийн эерэг харилцаа, хандлагын талаар иргэдэд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, үлгэр дуурайлал үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллах юм.
Хороодод соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын төлөвшил, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой нь дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Ингээд иргэд та бүхнийг “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах журмын төсөлтэй танилцаж санал, хүсэлтээ ирүүлэхийг хүсч байна. Журмын төслийг хавсралт хэсгээс үзнэ үү.
Саналыг 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цаг хүртэл нийслэлийн Соёл, урлагийн газрын info@nsug.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529 дугаараас лавлах боломжтой.