С.Баяр:Монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног”, “Жаран бутархай” номын нээлт өчигдөр /2019.07.05/Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Сөүл” ресторанд боллоо.

НЕПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номын тухай тус хэвлэлийн газрын захирал, Төрийн шагналт нийтлэлч Б.Баабар, редактор, хошин нийтлэлч, Төрийн шагналт Б.Цэндоо нар танилцуулж, ёслолд С.Баярын урьсан “Баабар.мн” сайтын гишүүн, нийтлэлч Төрийн шагналт, МУСГЗ шог зохиолч Ц.Доржготов, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганболд, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, Улсын баатар С.Бат-Үүл, нийтлэлч Д.Баярхүү, Элчин сайд, нийтлэлч Г.Батсүх нарын нэр хүндтэй олон эрхэм хүрэлцэн ирсэн байв.

Нээлтийн үеэр “Жаран хоног”, “Жаран бутархай” номын зохиогч С.Баяр“Би урьд ном бичээд номын нээлт энэ тэр хийж үзээгүй. Зөвхөн ном уншигч л байсан. Энэ ном бүтэхэд олон жилийн хугацаа зарцуулсан. Санаанд ямар нэгэн зүйл орж ирэхэд тухай бүрт нь тэмдэглээд л явдаг байсан. Халаасанд сул задгай мөнгө шиг шажигнаад байдаг байсан гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт халаасан дахь задгай мөнгөө бүхэл болгож, ямар нэгэн ном гаргана гэсэн бодол байв. Сэтгэгдэл сайхан байна. Гэхдээ халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн. Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод заримыг хассан. Тэгэхээр цаана нь энэ дайтай задгай мөнгө үлдсэн. Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана. Ямартай ч оршил нь энэхүү 60 хоног биш байгаасай л гэж хүсэж байна. Оршил нь гэрэл гэгээтэй байгаасай. Цаашдаа олны анхааралд байдаг, олны дунд яригдаад байдаг сэдвүүдийн талаар тус тусад нь, эсхүл нийлүүлээд нэг ном бичнэ гэсэн бодол бий. Ямартай ч, Монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ. Мөн “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номыг үргэлжлүүлэн бичихийг ч хичээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

С.Баярын шинэ ном үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэг “Жаран хоног” нэртэй. Энэ хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл оржээ. Номын хоёрдугаар хэсэг “Жаран”-ы бутархай”-д С.Баярын жар хүрсэн насны дурсамж буюу хүний хорвоод нэгэн жарныг туулахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүс болон хувь, хувьсгалын амьдралд амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэл багтсан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …