
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм.

Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр 31 үйл ажиллагааг төлөвлөгөө боловсруулан хийж хэрэгжүүллээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг боловсруулан гаргаж, дүүргүүдэд хэрэгжүүлсэн. Сарын аяны хугацаанд жирэмсний хяналт 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. “Иргэдийн санал хүсэлтийг сонсох өдөр”-ийг эрүүл мэндийн байгууллага бүр зохион байгуулж, тусламж, үйлчилгээг сайжруулахад тусган ажиллав. Мөн “Өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр хэрэгжүүллээ. Сонгогдсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар 600 хүнд хийж, зөвлөгөө өгснөөс гадна өрхийн эмч нарт ажлын байрны сургалт хийсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авлаа. Түүнчлэн “Хамтдаа суралцъя” хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өрнүүлэх ажлын хүрээнд найман дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч нарыг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх арга барилд сургах” дадлага сургалтад хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн В,С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд гадаад хяналтыг 122 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн. Эхний хагас жилийн байдлаар 58 260 хүн илрүүлэг шинжилгээнд, 21 548 хүн вирусийн идэвхжил тоолох шинжилгээнд ороод байна” гэв. Мөн нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна гэдгээ хэлсэн юм.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл