Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой “ТҮМНИЙ БАЙР” төсөл хэрэгжиж эхэлсэн талаар өнгөрөгч лхагва гарагт төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК-аас мэдээлсэн билээ. Тэгвэл уг төслийн нээлт болгож “Ханан Шишгэд” ХХК-аас иргэн Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэж буйгаа өчигдөр гардууллаа.
Иргэн Т.Ундармаа багш мэргэжлээр ажилладаг, амьдралын боломж тааруу ч таван жил зүтгэн байрны зээлийн урьдчилгаа мөнгө хуримтлуулсан аж. Гэвч банкны ипотекийн зээлийн хатуу шалгуурыг хангаж чадахгүй байснаар өнөөдрийг хүртэл орон сууцанд орж чадаагүй байсан юм байна.
“Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбатаар ахлуулсан судалгааны баг нийслэлийн хотын агаарын бохирдол хамгийн ихтэй гурван дүүрэгт нэг жилийн хугацаанд судалгаа явуулж, нийт 1740 айл өрхийн хамруулсан байдаг. Энэ үеэр Т.Ундармаа багш төслийн багийнхантай таарч судалгаанд хамрагджээ.
“Түмэн байр” төслийн зорилго нь гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах юм. Ингэхдээ иргэдийн бүрдүүлэх урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлж, банкны шаардлагад нийцүүлэхийн тулд тодорхой хэмжээнд баталгаа гаргах, тухайн өрхийн ажилгүй иргэний ажлын байртай болгох зэргээр бодит дэмжлэг үзүүлэхээр зорьж буй юм. Энэ хүрээнд Т.Ундармаа багшийн бүрдүүлсэн урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байсан ч “Түмний байр” төслөө нээж буй учир НЭГ ӨРӨӨ БАЙР-ыг бэлэглэхээр болсноо “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат мэдэгдсэн юм.
Т.Ундармаа багш “Би ипотекийн зээлээр байранд орох гэж нэлээд цаг хугацааг зарцуулсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой. Надад 20 хувь нь байсан. Банкны энгийн нөхцөлтэйгөөр байр хөөцөлдсөн ч миний боломж болоогүй. “Түмний байр” төслийн хүрээнд “Ханан Шишгэд” ХХК маань үлдэгдэл 10 хувийн төлбөрийг нь өгөөд ипотекийн зээлд хамруулж өгөхөөр болсноо надад дуулгахад би маш их баярласан. Өнөөдөр өглөө ээж минь бамбайн хорт хавдартай гээд эмчийн зөвлөгөөний хурлаар орсон. Би “зээл бүтчихсэн, байранд орох боллоо” гээд л ирсэн. Гэтэл байрыг маань бэлэглэлээ. Үгээр ч хэлэхийн аргагүй их баярлаж байна. Энэхүү төсөл үнэн бодит хэрэгжиж эхэлсэн байна шүү гэж хэлмээр байна. “Түмний байр” төслийнхөн 21 хоногт багтааж байранд оруулна гэсэн, би яг өнөөдөр 21 дэх хоног дээрээ байрандаа орлоо. Үнэхээр их баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.