Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Б.Отгонсүх “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг шийдэхдээ богино болон дунд, урт хугацааны төлөвлөгөө, судалгаатайгаар ажиллаж байна. Ойрын хугацаанд төсөв зардал багатайгаар шийдэх болох нэг зохицуулалт бол “A, B, C” бүсчлэл тогтоож, тээврийн хэрэгслүүдийг тодорхой хугацаанд, хууль ёсны хүрээнд тодорхой шалгууртайгаар замын хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ гэж үзсэн учраас холбогдох хуульд заасны дагуу иргэдээс санал авсан. Гэвч санал асуулгад оролцсон иргэдийн 50-иас илүү хувь нь дэмжихгүй гэсэн учраас энэ ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Нийслэл хотод замын түгжрэл ямар хэмжээнд хүрснийг машинтай хүн бүр сайн мэдэж байгаа учраас хувийн тээврийн хэрэгслээ унасаар байх уу, эсвэл өөр сонголт хайх уу гэдэг дээр удахгүй аяндаа иргэдийн хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Тэр үед энэ зохицуулалт, шийдлийг иргэддээ дахин санал болгох нь зүйтэй гэж нийслэлийн зүгээс үзэж байна. Харин тэр болтол бид нийтийн тээврийн салбараа төрөл бүрээр хөгжүүлж, парк шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж, нийтийн тээврийн үйлчилгээ, чанар, хүртээмж, тохи тав тухтай байдлыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй автобус явж байна. 2019, 2020 онуудад эдгээр автобуснуудын 80 хувь нь насжилтаараа жагсаалтаас хасагдаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахаар аяндаа иргэд олон нийт үйлчлүүлэх нь дамжиггүй. Харин бүсчлэлээр хуваах асуудал дээр иргэд нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсэх байна. Бидний зүгээс тээврийн хэрэгслийн татварыг нэмээд, илүү мөнгө төлснийг нь A, B бүс рүү оруулна гэсэн явдал огт байхгүй. Нийт авто тээвэр машин эзэмшигчдийн 72 хувь нь ямар нэг хэмжээгээр хууль дүрэм зөрчиж, торгуулиад, түүнийгээ төлөөгүй явж байгааг судалгаагаар тогтоосон. Татвар, торгуулиа төлөөд, үзлэг оношлогоондоо цагтаа хамрагдаж, иргэний үүргээ биелүүлсэн хэнийг ч байсан энэ бүсүүд рүү оруулахад нээлттэй байсан юм” хэмээн ярилаа.
Г.Саруул “Бид торгуульгүй, татвараа төлсөн, оношлогоонд орсон авто машиныг A, B бүс рүү оруулна гэж тооцоолж байсан. Түүнээс биш нэмэлт татвар авах, торгууль төлүүлэхийн тулд албадсан асуудал байхгүй. Иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцвол торгуулахгүй яваад байж болно. Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоолоод торгуульж байгаа жолоочийн цаана олон иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ямар олон эрсдэл байж болохыг бодолцох учиртай байх. Хот гэдэг хамтын амьдрал. Тиймээс иргэдийн оролцоогүйгээр ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас энэ удаад хойшлуулж байна. Ер нь бол замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэхэд хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар хийж болох арга бол энэ бүсчлэлийн асуудал байсан. Үүнээс цаашаа дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээний цаг, мөнгө санхүүжилт шаардагдана. Нэг, хоёр сарын дотор шууд үр дүнд хүрэх ажил бол бүсчлэл байсан” гэв.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулаад дугаарын хязгаарлалтаас авахуулаад замын хөдөлгөөн зохион байгуулалтад тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг. Энэ жил ч мөн ялгаагүй өөрчлөлт хийгдэнэ. Үүнийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явуулдаг” хэмээв. Түүнчлэн тэрбээр 2019 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 41147 авто ослын дуудлага, мэдээлэл ирсэн. Авто ослын улмаас 307 хүн нас барсны 71 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь “A, B C” бүсчлэлээр хуваахад торгуулийн тухай асуудлыг давхар хөндөх болсон нэг шалтгаан гэдгийг статистик мэдээгээр баримтжуулан хэлсэн юм.