Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жилийн хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч бодит байдал дээр харилцан бие биенийхээ соёлыг тэр бүр мэдэхгүй байгаа билээ.
Тиймээс Монгол дахь Япон Улсын элчин сайдын яам, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO), Япон сан (JF), Японы засгийн газрын аялал жуулчлалын товчоо (JNTO) зэрэг Япон Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дэмжлэгтэйгээр албан ёсоор Монгол дахь хамгийн том Японы соёлыг сурталчлах өдөрлөг болох “Япон фестиваль Монголд 2019”-ийг 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ.
Энэхүү фестиваль нь анх 2012 оноос “Японы поп соёлын өдөрлөг” нэртэйгээр зохион байгуулагдаж ирсэн бол энэ жилээс цар хүрээгээ улам өргөжүүлэн “Япон фестиваль Монголд 2019” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тэр ч утгаараа зөвхөн поп соёлоор зогсохгүй японы уламжлалт соёл, урлаг, хоол хүнс, техник технологи, бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаар зэхээд байна.
Мөн бусад фестивалиудаас ялгаатай нь Японтой холбоотой бизнес эрхлэгчдийг хамруулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломж олгож байгаа юм.
Монгол улсаас Япон орон руу суралцахаарболон ажиллахаар очигсдын тоо жил ирэх тусам өсч, Монголын аж ахуйн нэгжүүд Япон руу бүтээгдэхүүнээ экспортлох, Япон компанитай хамтран ажиллах сонирхолтой болсон өнөө цагт Япон орны соёл урлаг, боловсролыг танин мэдэх шаардлага ихээр тулгараад байгаа билээ. Иймд Монгол хүн бүрт Япон улсын соёл урлагийн талаар нээлттэй танилцуулж, хоёр орны иргэд хоорондын харилцааг илүү сайжруулан, цаашлаад бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийг энэхүү фестивалийн хүрээнд гол зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ жилийн фестивальд урьд жилүүдийн өдөрлөгийн гол хөтөлбөрийн нэг болох косплэй тэмцээн, анимэний дууны тэмцээн болохоос гадна японы хамтлаг уран бүтээлчид ирнэ. Өмнөх жилийн Япон поп соёлын өдөрлөгт ирсэн Festive, Wonder Weed хамтлагууд ирэхээс гадна Японы топ 3000 хамтлагийн шилдэг 6-д багтах The World Standart хамтлаг хүрэлцэн ирэх юм. Түүнээс гадна компаниудын урилгаар Монголын хамтлаг, уран бүтээлчид ч гэсэн зочноор оролцож байгаа юм.
Тус фестивалийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци ХХК, Тоёота Сэйлс Монголия ХХК нар ажиллаж байна. Мөн ивээн тэтгэгчээр ХИС Монголия, Рото Хадалабо Монголия, Хаан Банк ХХК, Тоёоко ИНН зочид буудал, Призм ХХК нар тус тус ажиллаж байна.