Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Тэгвэл эрдмийн театр 2019 оны гурав дахь шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуу уран бүтээлчдээр бүрдүүлсэн байна.
Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж буй бол тус жүжгийн дүрүүдэд жүжигчин СТА Б.Шинэбаяр, Д.Асардарь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА О.Гэрэлсүх, СТА Ц.Баясгалан, СТА М.Тогтохжаргал СТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид ажиллаж байгаа аж.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТеатрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач СТА Ч.Батболд, хувцасны зураач СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч СТА Б.Батсайхан нар ажиллаж байна.
Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх бөгөөд есдүгээр сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.