Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийг удаашруулсан алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Б.Болороо өөрийн цахим хуудсаар дамжуулан, цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад хайхрамжгүй хандсан хэмээн мэдэгдсэний дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав үүрэг өгч албаны шалгалт явуулахаар болоод байсан юм.

Улмаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчид албаны шалгалт явуулахад, хэргийн тухай мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогджээ. Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ.

Харин иргэн Б өндрөөс унаж амь насаа алдсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчилга өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …