Булган аймаг анхдагчдаараа алдартай. Хэн ч маргахгүй. Энэ нутгаас олимпийн анхны аварга тодорч, монгол хүн сансарт анх удаа ниссэн гэх мэтээр бидний бахархалт танил түүхүүд цааш хөвөрнө. Гэхдээ Булган аймаг хөгжлөөрөө, иргэдийнхээ амьжиргааны төвшингөөр улсдаа цуутай юу гэвэл тийм биш. Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэн жагсаахад араасаа айргийн тавд бичигдсэн гашуун үнэн бий. Газар зүйн байрлал, байгалийн үндсэн өгөгдлөө харахаар Булган шиг тансаг нь ховор. Дээрээс нь дэргэдээ уулын баяжуулах Эрдэнэт хэмээх том айл саахалтын шахуу зайтай оршдог. Энэ бүхнийг том зургаар тольдвол Булган аймагт хөгжлийн асар том боломж, нөөц байгааг харж болно.
Анхдагч гэх тодотголоороо алийн болгон голоо зогоож суух вэ, одоо хандлагаа өөрчлөх цаг болсон гэж залуус зоригтой дуугарлаа. Булган аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Нэг Булган” хөгжлийн чуулганы 500 гаруй төлөөлөгч аймгаа, улс орноо хөгжүүлэхэд залуус түүчээлэх, ачаа үүрэх цаг болсныг онцолж байв. 2019 оныг Булган аймаг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан байдаг. Энэхүү хөгжлийн чуулганыг аймгийн ЗДТГ болон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Булган аймаг эдүгээ 62 мянган хүн амтай болжээ. Эрчүүд 51, эмэгтэйчүүд 49 хувийг эзэлдгээс гадна гурван хүн тутмын хоёр нь залуус гэдэг бол хүн ам зүйн бүтцийн хувьд атаархмаар тохиолдол. Гэхдээ хүн амын дунд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн нөхцөл байдал өндөр хувьтай. Ганцхан баримт хэлэхэд, аймагт нийт 8000 өрх байгаагаас 1667 нь төрөөс үзүүлдэг халамжаар амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 1200 хүүхэд шинээр мэндэлдэг байна.
Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл ДНБ-ий 70 хувийг хөдөө аж ахуйн салбар буюу газар тариалан, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэдэг. Газар тариалан, мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай байгаа нь эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарсныг илтгэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар яг энэ чигээрээ явбал 10 жилийн дараа гэхэд Булган аймаг бэлчээргүй болно гэсэн дүгнэлт гарчихсан байгааг аймгийн Засаг дарга З.Батзориг хэллээ. Сайн сайхнаараа болж бүтэж байгаагаараа манай нутгийнхан хангалттай бахархдаг, харин одоо алдаа дутагдал, засаж сайжруулах зүйлсээ залуус бид нухацтай ярилцах цаг болсон гэж тэрбээр нэмж хэлэв.
“Нэг Булган” хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид хөгжлийн асуудлаар анхаарах хэд хэдэн чухал санал дэвшүүлсэн нь сонирхол татав. Юуны өмнө Булган аймгийн эдийн засгийг олон тулгууртай болгохын тулд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байгааг олж харжээ. Энэ нутгийнхны итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачилсан бөгөөд одоогоор гурван аймаг хэрэгжүүлж буй. Малын үүлдэр угсааг сайжруулах, жимс жимсгэнийн тариалалтыг хөгжүүлэх, туслах аж ахуйг сэргээх гэх мэт хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлж байгаа “ШИнэ хөдөө” хөтөлбөрийн хүрээг тэлж, хүртээмжийг нэмэгдүүлмээр байна гэх саналыг цөөнгүй төлөөлөгч хэлж байлаа.“Шинэ хөдөө” хөтөлбөрийг хамгийн анх Булган аймагт нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр эхлүүлж байсан бол 2019 онд хоёр тэрбум, 2020 онд 3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлсэн. Өрхийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилготой энэ хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг УИХ-д байгуулагдаад байгаа юм. Улсаас халамж горьдож суудаг буруу хандлагаа халж, бизнесийн санаагаа цаасан дээр төсөл болгон буулгаж, өрх гэр, нутаг орныхоо хөгжлийг түүчээлээрэй гэж чуулганы төлөөлөгчдөд гишүүн Ж.Бат-Эрдэнэ захиж байлаа. Төр, засаг залуусын урмыг хугалах биш хийж бүтээе гэсэн тэмүүллийг дандаа гэрэлтүүлж байх учиртайг ч олон хүн хэлсэн.
Булган аймаг усны нөөцөө нэмэгдүүлэх, газар тариалангаа дэмжих зорилгоор “Орхон говь” төслийг хэрэгжүүлэх, дотооддоо авто замын сүлжээгээ сайжруулах, орон нутгийн нислэгээ эргэн сэргээхээр холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, хөөцөлдөж эхэлжээ. Булган аймагтай хил залгаа Хөвсгөл, Орхон аймаг гэсэн хоёр аймаг хоёулаа 100 гаруй мянган хүн амтай, аялал жуулчлал, үйлдвэрлэл өндөр хөгжсөн онцлогтой. Үүнийг зэх зээл, эрэлт хэрэгцээ гэж харж, үйлчилгээний салбараа богино хугацаанд хөгжүүлж чадвал ирээдүй байгааг олж харах ёстой гэдэг дээр энэ удаагийн чуулганаар залуус санал нэгдлээ.