Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц наймдугаар сарын 25-ны байдлаар 23.74 хувьтай байна.
Багц бүрийн ажлын явцыг танилцуулбал:
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг бүх талынхныг оролцуулан, өргөтгөсөн хурал хийлээ.
Уг хуралд Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд, ЗТХТ ТӨҮГ-ын захирал Р.Буд зэрэг яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Б.Энх-Амгалан сайд хурлын эхэнд гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн талаарх дүн мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөн, ажил нь удаашралтай байгаа 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчдэд тав хоногийн хугацаанд ажлаа эрчимжүүлж, ахиц гаргахгүй бол тендерийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу анхааруулав.
Мөн тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, транзит тээврийн гол зам болохыг онцлоод Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хариуцлагагүй хандаж буй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч “Чайна эстэйт констракшн” ХХК-ийн удирдлагуудыг шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг санууллаа. Гүйцэтгэгч талынхан мэдээллээ танилцуулж дууссаны дараа 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ Б.Энх-Амгалан сайдад илтгэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна.