Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай танилцуулгыг ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хийлээ. Засгийн газрын 2018 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын хүрээнд бүх шатны Засаг дарга нар хүүхдийн эрх хамгааллыг эрчимжүүлэх үүрэг хүлээж буй. Тэгвэл ИТХ нь тухайн шатандаа хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах төсвийг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Уг албан даалгаврын хүрээнд эл дэд хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Засаг даргад Тэргүүлэгчдийн тогтоолоор өглөө.
Хөтөлбөрийн зорилгыг бүх нийтээр хүүхдийг эрхийг ойлгон хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, иргэд олон нийт хамтран ажиллаж, өнөөдрийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тодорхойлсон байна.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 15 зорилт дэвшүүлжээ. Үүнд, 2021 он гэхэд нийслэлийн сургуулийн өмнө боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, бүх сургууль 1-2 ээлжид шилжиж, хүүхэд бүр чанартай, стандартад нийцсэн чанартай боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлнэ хэмээжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сургууль цэцэрлэгт хамрагдалтыг 20 хувиар нэмэгдүүлэхээр эл хөтөлбөрт тусгасан байна. Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, өсвөр насны хүүхдийн халдварт бус өвчний тархалтыг бууруулах, аливаа осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, чанар, стандартад нийцсэн тоглоомын талбайн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ. Уг дэд хөтөлбөр нь 2019-2022 оны хооронд хэрэгжих юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчдийн зүгээс эцэг эхийн хариуцлагын талаар тодорхой заалтууд тусгах, хүүхдэд таатай орчн нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарахыг хэллээ. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг баталлаа.