Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээсэн билээ. Тэгвэл найруулагч Т. Алтантуяагийн “Хөх Тавилан” кино 41 дэх удаагийн Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ.
Энэ талаар тус киноны гол дүрийн бүсгүй болох Бадамцэцэгийн дүрд тоглосон мисс, жүжигчин А.Баярцэцэг дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Мисс, жүжигчин А. Баярцэцэг манай Өглөө.мн сайтад ярилцлага өгөх үедээ “Хөх тавилан” киноныхоо талаар ярихдаа “Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” бүтээлд гол дүрийн бүсгүй болох Бадамцэцэгийн дүр дээр ажиллалаа. Зохиолын хувьд үнэхээр гайхалтай, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц юм билээ. Үүнээс гадна кино зураг авалтыг ээж, аавын минь төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт хийсэн. Мөн уран бүтээлчдийн багт гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн мундаг ахмад уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна” хэмээн ярьсан юм.
“Хөх тавилан”киноны зураг авалт Говь-Алтай аймгийн Ээж хайрхан, Цогт суманд хийгдсэн бөгөөд киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажиллажээ.
Сонирхуулахад тус киноны “Гоолингоо” дууг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал дуулсан билээ.
Г.Нараа