Бямба гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй тул Засгийн газрын ээлжит хуралдааныг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа.
80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тулнэмэлт барьцаа хөрөнгөшаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш 7 сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжиж болох зэрэг зохицуулалтыг журамлалаа.
Журам гарсантай холбогдуулан бусад салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлага үүсч байна. Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн бүртгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн сангийн шинэчлэлийн бодлоготой уялдуулах зэрэг ажлыг холбогдох сайд нарт даалгалаа.
Статистик мэдээллээс үзвэл 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 23.8%, Улаанбаатар хотын хүн амын 40% нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.
Товчхон:
- – Шүүхийн шийдвэрийн дагуу “Алтандорнод Монгол” ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэх үүднээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт санал болгосон эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлах, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлын хэсэг томилохыг холбогдох сайд нарт даалгалаа. Тус компанийн өмнөх удирдлага С.В.Паушок нь алтны үнийн өсөлтөд 68%-иар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 4-р сард хянан шийдвэрлэгдсэн. Татвартай холбогдох Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарсан билээ
- – Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар газрын тосны бүтээгдэхүүн гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл болон барилгын материал, бараа бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуульд тусгасан юм.
- – “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
- – Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон“Ногоон соёл иргэншил” хөгжлийн стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. “Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах бодлогын чиглэлийн тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн төсөл, “Усны нөөцийн стратегийн зарчим батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг төсөл санаачлагчид хүргэхээр боллоо.
- – 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэпцээр”-ийг баталлаа.
- – БНСУ-ын Инчон хотноо төвтэй “Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэн” олон улсын байгууллагын гишүүнээр Монгол Улс элсэхийг дэмжин, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд олгохоор шийдвэрлэлээ.
- – “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжээд, хэд хэдэн санал нэмж хүргүүлэхээр тогтлоо. Төсөв, санхүүгийн ил тод байдлын”шилэн данс”-ны тогтолцоонд шилжихийн тулд холбогдох журмаа чанд мөрдөх, төсвийн гүйцэтгэл зарцуулалтад тавих иргэний хяналтын эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах тогтолцоо бий болгох арга хэмжээ авахзэргийг зарлигийн төсөлд тусгуулахаар санал нэгдлээ.
- – “Гудамж төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд Чингис бондын хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
- – Стандартчилал, хэмжил зүйн газрыг Олон улсын итгэмжлэлийн форум (IАF)-д гишүүнээр элсэхийг дэмжлээ.
- – 2013 оны 5 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын ХIII хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.
- – 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан “Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.