М.Мөнхшүр: Ажлаа хийж яваа гэмгүй цагдаагийн алба хаагчаар улс төр хийж байгаад урам хугарч байна

Т.Энхсайхан иргэн гэгч хоёр хоногийн өмнө ЦЕГ-ын ахлах байцаагч Ч.Ойдовыг 500 сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл хийсэн билээ. Мөн ахлах байцаагч Ч.Ойдовын эхнэр, ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тухайн үедээ замын цагдаад саатуулагдахдаа өөрийгөө “Ц.Нямдоржийн дүү байна” хэмээн эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн албан хаагчийн биед халдсан гэж ярьсан.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр өөрийн фэйсбүүк хуудаснаа хариу тайлбар хийжээ.

М.Мөнхшүр “Цаг хугацаа, он жилүүдийг хэрхэн туулж ирснийг мэдэхгүй хэр нь мэддэг, таньдаг мэт таван төгрөгөөр өөрийгөө худалдан байж нүд цавчихгүй худал ярьж, мөрөөрөө ажлаа хийж яваа гэмгүй нэг цагдаагийн алба хаагчаар улс төр хийж байгаад урам хугарч байна. Уучлаарай, би улс төр мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Цагдаа болох мөрөөдлөө тээсээр цагдаагаараа л энэ хорвоогоос буцна.

Намайг сэтгүүлчдэд мөнгө тараасан гэв үү. Хэрэв надаас мөнгө авсан, авлига, хээл хахууль хүртсэн сэтгүүлч байвал шударгаар гараад ир. Тэгвэл би төрийнхөө тугийг бүтэн нэг тойрч, сүлдэндээ ёслоод “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж ажлаа эхэлсэн ч “Монгол Улс минь уучлаарай” гээд мөрдэсөө тайлаад Монголын цагдаагаас гарч одъё. Миний мөрөндөө гялалзуулсан ахмад цол, албан тушаал минь үрээ үнсээд үүрээр гарч одсон өглөө бүрийн үдэш унтаж байхад нь үнсээд хөнжилд нь шургасан өдөр хоногуудын үнэндээ зөв шударгаар хөдөлмөрлөсөн он жилүүдийн минь гавьяа шагнал юм шүү. Мөрдөн байцаагч байхдаа алдаж үзээгүй, сахилгын болон прокурорын шаардлага авч үзээгүй цаг хугацаа үүнийг гэрчлэх биз” гэжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …