МХЕГ-аас бохирын цооног нь бөглөрсөн мал нядалгааны газруудын үйл ажиллагааг зогсоолоо

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна.

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-иас 15, “Ундарга хайрхан” ХХК-иас 16, нийт 31 тонн бохирыг өнгөрсөн 28-ны өдөр зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ.

Харин Ус сувгийн удирдах газрын ажилтан “Бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс болж дахин бөглөрч худгаас хальсан” гэсэн тайлбарыг өгчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж байна. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дөрвөн компани байдаг ба бүгд төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр буюу зөөврийн аргаар бохир усаа зайлуулдаг аж.

Шалгалтын явцад “Алтай чандмань”, “Шижир зул”, “Гомбо хайрхан” ХХК-иудын бохир ус хадгалах цооног бөглөрсөн байсан учир үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ. Бөглөрлийн шалтгаан нь бохирын худгууд битүүмжлэлгүй байгаа нь иргэд элдэв хог хаягдлаа хаях нөхцөлийг бүрдүүлсэн, дээрх компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хийсэн байж болзошгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …