Сурагч Б.Энэрэл НҮБ-ын хуралд “Ногоон паспорт” санаачилгыг танилцуулав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачилгаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны есдүгээр сарын 23-нд болсон.

Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачилгыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилготой юм.

Уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн ялгааг тэглэх, дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй, улмаар 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрээ ахиулах бодит төлөвлөгөөгөө танилцууллаа. Арга хэмжээний үеэр ХБНГУ, Норвеги, Франц, ИБУИНВУ, Швед, Дани, Нидерланд зэрэг улс Парисын хэлэлцээрийн санхүүжилтийн гол механизм болох “Уур амьсгалын ногоон сан”-д оруулж буй хувь нэмрээ дахин нэмэгдүүлэх үүрэг амлалт авчээ. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар мэдээлэв.

Түүнчлэн Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ есдүгээр сарын 21-ний өдөр залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх зорилготой Залуучуудын дээд хэмжээний уулзалт болжээ.

Уулзалтад БОАЖЯ-ны санаачлага “Ногоон паспорт” аяны хүрээнд болсон өсвөр үеийнхний байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх шалгаруулалтад шилдгээр шалгарсан сурагч Б.Энэрэл амжилттай оролцож, Монгол сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт” санаачлагыг үндэсний туршлага болгон НҮБ-ын индэр дээрээс  танилцуулжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр манай улс дэлхийн соёлын болон байгалийн өвд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Addressing Clmate Change Impacts on Cultural and Natural Heritages” санаачилгад нэгдэв. “Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийн түншлэл” санаачилгад нэгдсэн орны хувьд манай төлөөлөгчид энэ санаачилгын нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …