“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа ба Монгол киноны уралдаант хэсэгт 2018 оны аравдугаар сараас хойш бүтээгдсэн МУСК-ыг шалгаруулан оролцуулж байгаа билээ.
2019 оны УБОУКН-ын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай”, найруулагч Б.Тулгаагийн “Буцаагүй амлалт”, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч Ц.Хүсэлбаатарын “Нинжин сэтгэл”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар”, найруулагч Т.Мөнх-Оргилын “Тойрон эргэлдэх үхэрнүүд” бүтээлээрээ оролцон өрсөлдлөө.
Эдгээр найман бүтээлээс “Халуун Зүрх”, “Хийморь”, “Би Нар” УСК нь тус наадмын Монгол кино хөтөлбөрт сонгогдон 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ганцхан удаа гарна.
Мөн тус хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерийг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны аравдугаар сарын 16-ны 19:00 цагт Тэнгис кино театрт болох ба Хангарьдын эздийг тодруулах болно.
Эрхэм кино сонирхогч Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын 11 дэх удаагийн кино наадамд урьж байна.