Монгол Улсад 18-35 насныхан олуулаа, тэд хүн амын жинтэй хэсэг нь. Хэрэв 2020 онд тийм насны залуус л сонгуулийн хувьсгал хийж чадахгүй бол тэд маань биднээсээ, улс орноосоо бүр алсран одох аюулын өмнө улс гэр маань ирчихээд байна. Эх орноо огцом, эрс өөд татах бололцоог тэдэнд өгөх хэрэгтэй!
– “Электорат цаг”-аар яриагүй сэдэв
Монголд ардчилал ялаад 30 дахь жилдээ орж явна. 1989-1990 оны зааг үед монголчууд яалт ч үгүй нийгмийн асар том хувьсгал хийсэн, тэр нь “Цагаан морин жил” хэмээн түүхнээ мөнхөрсөн. Нийгмийн нэг байгууллыг нөгөөгөөр нь сольсон, нийгмийн тогтолцоог унагаж оронд нь цоо шинийг гаргаж ирсэн хувьсгал гэдгээр ач холбогдол нь 1911, 1921 оны тусгаар тогтнолын хувьсгалуудтай эн зэрэгцдэг билээ.
1990 оны хувьсгал хийдгээ хийгээд, шийддэгээ шийдээд, үр дүнгээ өгөөд өнгөрсөн, гэхдээ л нийгэмд тэгш бус байна, баян ядуугийн ялгаа эрс тэс, шударга бус явдал хэтэрлээ, Монголын нийгэмд дахин хувьсгал хийх хэрэгтэй гэсэн сэтгэхгүй, үзэл бодол, шийдэл, уриалга ил далд тасралтгүй яригдах авай. Царцаж хөшиж тогтсон, засал авахаасаа өнгөрсөн, бахь байдгаараа энэ улс төрийг (гол нь парламентын институц) цочроох биш, бүр орвонгоор нь эргүүлэх хэрэгтэй, тэгэхгүй бол болохгүй боллоо, цаг хугацаа алга, эх орон хэцүүдлээ, хүн ард тамирдлаа гэх уур амьсгал нийгэмд дэвэрнэ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад энэ талаар нийгэмд хангалттай ярилаа, бүр амаа цангатлаа ярилаа, ярьж ч байна. Хэдэн биенээ зүхлээ, буруутныг нэрлэлээ, ял сонсгохыг уриаллаа, цусанд улайрсан, цус үзэхийг хүссэн хэсэг ч нийгэмд мэр сэр байх бололтой. Тэд айж ичихгүй ярьдаг боллоо. Заналхийлэл, аман доромжлол хэрээсээ ёстой нэг хэтэрч өглөө. Нийгэм сүхээр цавчсан мэт олон анги бүлэг бүлэглэл, давхарга, нутаг усны, насны ялгаралын элдэв хүрээлэлд хуваагдлаа. Хуйвалдаанч маягийн явцуурсан, булагнасан, бүлэглэсэн хөдөлгөөн, намууд нийгэмд олноор буй болсон, болж ч байна. Тэсвэр нь барагдсан хүмүүсийн хийдэг ажил, яалтай ч билээ. Монголын нийгэм эрээн бараан, эрээвэр хураавар, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байна. Ороо бусгаа дуусдаггүй цаг нартай.
Энэ бүхэн сайны ёр бишдэг ээ. Хамгийн гол аюул нь Монгол Улсын аюулгүй байдал хэврэгших, сулрах, бүр задрахын цондон юм.
“2020 он” – миний бодоход “1990 он”-ы залгамжлал, халаа, шууд үргэлжлэл болох юм биш байгаа гэх хар суухаар байна. УИХ-ын ирэх сонгуулийг дээр доргүй, их багагүй, хөгшин хөвөөгүй, дээдэс доодосгүй хүсэн, анан, зэхэн, шүд зуун хүлээж байх шиг. Их дайны өмнөх нам гүм л битгий байгаасай!
Бидний хэсэг нөхдийн санаачлан байгуулсан “Электорат хөдөлгөөн” бол яг ийм эгзэгтэй цаг үед буй болсон нийгмийн захиалгын институц болох учиртай юм. Тэр чиглэл рүүгээ ч явж байна.
Ардчиллаа ялуулаад 30 жил ардчиллын замаар замнахдаа энэ улсыг ямар болгож тавьчихаад, түүнд нь хэн буруутай болох гээд, тэр буруугаа хэрхэн хэзээ засч залруулах гээд бид одоо хөнөглөнө вэ? Үүнд л ухаалаг хариултыг хайж олох, гарц гаргах, шууд хэлбэл “Зөв хүн”-ээр (хүмүүс) удирдуулах зам зааж өгөх гэж л сэтгэл санаа шулуудсан 60 хүн “Электорат хөдөлгөөн”-ийг байгуулсан юм. Бид гурван чуулганаа хийсэн, одоо дөрөвдэх чуулгандаа бэлтгэж байна. Ажлын хэсэг 7 хоног бүр хуралдаж байна. Нийгмийн өвчин зовиурыг тал талаас нь ярилцаж байна, улс төрийн намууд, сонирхлын клубууд (залуучуудын) бидэнд хандаж байна, хамтдаа багаараа, зочидтойгоо хамтран судлаж байна, гарц хайж байна.
Олон гарц байж болох боловч гарчигт өгүүлсэн гарцыг би энд хэргээр дэвшүүлэн тавьж уриалан дуудах гэж байна. Энэ бол электоратын байр суурь биш, гэхдээ үзэл санаа нь зарим талаар давхцана.
Миний бичдэг нэг сэдэв: шинэ Үндсэн хуулиас хойш өнгөрсөн 27 жилд УИХ-аа 7 удаа сонгожээ. Энэ 7 сонголтоор УИХ-д дайрч давшилж орж ирээд зайдалчихсан, хууль бусаар их хурлын гишүүний энгэрийн тэмдэг олж аваад зүүчихсэн ганц ч тохиолдол байхгүй. Бүгд л ард түмний сонголтоор 4 жил тутамд 76 нөхөр хууль тогтоолцож, төрийн эрх барилцсан, одоо энэ 75 нөхөр яг тэгж байна. Энд би буруутныг нэрлэх гээгүй. Нэрлэ гэвэл буруутан нь сонгогч бид. Монголын сонгогч Та өөрөө!
Өөр нэг сэдэв. Монголчууд ам хамхихгүй ярьдаг, зурагт сошиал сайтаар дүүрэн тэр тухай өгүүлнэ. Ам л ангайвал УИХ-д, улс төрд дан хулгайч нар байдаг тухай сэдэв. Эрх баригч ба сөрөг хүчний хоёр гол нам нь дан хулгайчдаас бүрдсэн ба тэд бузартсан учраас хойтон УИХ-д огт сонгож болохгүй гэх хийрхэл нийгмээр хий үзэгдэл мэт тэнүүчилнэ. Хоёр нам нь ч өөд сөргөө биенээ яллахдаа бас нэг тиймэрхүү малгай өмсгөөд пайз зүүчихнэ. Явж явж 2020 оны сонгуулиар энэ их хулгайчдаас хэрхэн салах вэ гэдэг сонголт хийх шахуу юм гадуур ярьцгаана. Хойтонгийн сонгуулийн наана дахиад тав зургаан улс төрийн нам Дээд Шүүхээр ороод гараад ирэх байх. Бузартсан МАН, АН-ыг сонгуулихгүй гэхдээ л намууд олшроод байгаа хэрэг юм. Наана нь танигдаад авдаг минь гэсэн шиг зурагт асаах тоолонд ямар ч хамаагүй, өөрт хүртээлгүй хэвлэлийн хурал дээр хэдийнээ танил болсон хэдэн царай сууж харагдана. Үг хэл нь гүйцэгдэх юм биш. Тэд ам хамхихгүйгээр МАН, АН-ыг гөвшиж өгнө.
Энэ бүхэн сайны ёр ер биш ээ. Хувьсгалыг уриалагсад, мөрөөдөгсөд, хүсэгчид бүгд ил гараад ирлээ. Араасаа ч олон дагуултай. Тэд жагсаатай байгаа. Яг яах гээд байгаа юм бэ гэхлээр улс төрөөс МАН, АН-ыг л арчиж хаяна, хулгайчдыг үгүй хийнэ, өөр яах ч үгүй гэсгээд хариулт дуусна. Октябрийн хувьсгал шиг цусан зам татуулсан, олныг хомроглон байлдуулсан “хувьсгалт” хувьсгал хийе гэсэн хашгараан хурал уулзалт дээр ганц нэг цууриатаж байсныг эс тооцоод энэ 2020 оны УИХ-ын сонгуулийг сонгуулийн хувьсгал, хөдөлгөгч хүчнээр нь нэршүүлээд “Залуучуудын тайван хувьсгал” болгоё гэж би уриалан дуудаж байна. Хийрхэгчдийн эсрэг сөргүүлж гаргаж буй нэг хувилбар гээд бодчих.
Тайван замаар сонголтоо хийнэ, хүчирхийлэхгүй, хүч огт хэрэглэхгүй, булхай луйвар, заль мэх, авилгадахыг огтоос гаргуулахгүйгээр тийм хувьсгал хийхийн босгон дээр нийгэм маань ирчихээд байна хэмээн би үзээд тэрслүү энэ үгсээ толилуулж байна.
Залуучуудын давалгаанаар тэр сонголт ба хувьсгалаа гүйцэлдүүлнэ. Сонгуулиас хойргошдог залуучуудыг сонгуульд нь хуу татан оруулах хэрэгтэй. Гурил будаа төгрөг мөнгөөр саналаа худалдаж сурсан ахмад, хижээл, дунд насны борчуудыг хорин хэдтэй залуус нь түрж шахаж олонхи биш болгох хэрэгтэй. Сонгууль болгоноор гэрийн бүрээсээ нэмж зузаалж байдаг хөгийн өрөвдөлтэй явдлыг эцэслүүлэх хэрэгтэй.
Ертөнцийг хар. XXI зуун өөрөө “Залуучуудын давалгаан”-ы зуун болчихоод байна. Хаана л бол хаана залуучууд түйвээж байна. Хуучинсаг, уламжлалт ардчилалтай либерал Европыг тэд юу болгож тавьж байна. Уламжлалт арга барил, уламжлалт сонголт, уламжлалт сонгууль, уламжлалт сонгогч бүгдийг нь мэдээллийн их эриний залуучуудын давалгаа нарми цохилоо. Эммануэл Макрон (1977 онд төрсөн), Себастиан Күрц (1986 онд төрсөн) ямар ид шидээр ялаад гараад ирсэн гэж бодож байна. Францчууд, австричууд өөрсдөө гайхшаа барсан. Хөгшин гээд Дональд Трамп ямар ид шидээр ялж гарч ирчихээд ямар ид шидээр улсаа, бүр дэлхийг удирдан залаад байна гэж санана. Уламжлалт бүх хэвлэл мэдээлэл, зурагт тэр чигтээ Трампын эсрэг байсан, одоо ч байна. Гэтэл тэрээр твиттер гэх ид шидийн зэвсгээрээ ганц хоромын дотор шийдвэрээ гаргаад дэлхийд цацаад, хариугаа тэр дор нь аваад, тэр дор нь бодлогоо тулгаад явуулаад болоод байдаг. Нөгөө талд нь уламжлалт улс төр, институц, улс төрчид, тэр олон сайт, олон телевизүүд ангайж хоцроод мэл гайхан тэнэгтэх нь XXI зууны өнөөгийн улс төрийн технологи юм биш үү? Трамп 70 насыг хэвийсэн ч гэлээ “Залуучуудын давалгаан”-ы зууны түлхүүрийг атгачихсан юм уу гэмээр. Ажихад тэнэг тэнэг юм яриад бичээд, дан ухаалаг шийдвэр гаргаад, түүнийг нь хөөж гүйцэх гэж АНУ, дэлхий тэр чигтээ хуйлрах бус уу?
Өнөө цаг руу хальтрах бус түүх сөхөөд үз. Мэйжийн эриний хувьсгалын дараа Японы Ерөнхий сайд нь хорин хэдтэй цэл залуу байсан гэдэг чинь япончууд хүнээ барчихаад, эрчүүлээ дуусгачихаад байсан гэсэн үг биш шүү дээ. Октябрийн эргэлтийг хийсэн хувьсгалт улаан гварди, усан цэргүүд чинь тэр чигтээ залуус байсан. Хятадын “Соёлын их хувьсгал”-ыг Мао хийхдээ “улаан хамгаалагч”, “самуун дэгдээгч” гэгдэх хүүхэд залууст л түшиглэсэн. Тэд 600 сая хятадын нийгмийг нураасан, эргээд сэргээсэн. ХХ зуунд дэлхийд тохиосон үй олон хувьсгалууд бүгд залуучуудын давалгаанаар бүтсэн бүтээгдсэн.
Мэдээллийн технологийн ололтоор дамжуулж нийгмийн томхон хувьсгал хийгээд 60 жил хөшиж тогтоод цементлэгдчихсэн нийгмийн бат бэх тогтолцоог нураагаад хаяхыг би Египетэд нүдээрээ үзэж биеэрээ мэдэрснийх “Залуучуудын давалгаан” гэгчийг ийнхүү ёрлоод (хардаад) байгаа юм. Египетийн хувьсгалыг яг үнэндээ залуучууд хийсэн юм.
Яг түүн лугаа 2020 оны УИХ-ын сонгуулийг залуучууд голлож, залуучууд хөтлөж, залуучууд өнгөлж хийх цаг нь болсон. Эл доль болсон, бүр залхмаар, улиг болсон улс төрчдөөсөө салъя гэвэл таньж мэдэхгүй залуустаа нэг удаа найдаад үз! Тэд 30 жил царцаж тогтсон, эмчилгээ авахаа больсон тэрхүү улс төрийн тогтолцоог 2020 онд нураана. Дараагийн нэг сонголтоороо 2024 онд Монгол оронд цоо шинэ өглөө, шинэ төрөлт, шинэ дэвшлийг авчирна.
Залуучуудын хүчээр монголчууд ялалт амжилт, хөгжил дэвшилд хүрсэн арвин туршлагатай тул би айхгүй бардам бичиж байна. Бошгыг халах залуучуудын эвлэлийн гайхам түүхийг сануулъя. Ардын хувьсгал ялсны дараахи Монголын нийгэмд шинэ цус сэлбэлтийг тэд л хийхийг зорьсон. Цагаан морин жилийн хувьсгалаа ч эргээд нэг тольдчих. Хувьсгалыг залуучууд л хийсэн шүү дээ. МоАХ, АСХ, МоАН, МСДН, МҮДН … тэдэнд тавь жар хүрсэн дунд хижээл ахмад насны дайчид тун цөөн (заримд нь бүр байхгүй), дөч хүрсэн нь тоотой хэдхэн байсныг бид мэднэ дээ. Тухайн үеийн эрх баригч МАХН-ыг ч залуучууд нь л түүчээлэн авч, шинэчилж, шинэ хүчээр сэлбээгүй гэж үү? Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг залуучууд л удирдаж хөтлөж босгосон. Улс төрийн намгүй залуучуудын маш олон эрүүл иргэний клубууд Монголд (лав нийслэлд) хурын дараахи мөөг шиг олшроод гараад иржээ. Тэд цагийг анан тэвчээр заан “2020 он”-ыг хүлээнэ.
Залуу залуу, залуучуудын давалгаа хэмээн улиглахдаа өнөөгийн залуус ба бидний хооронд маш том ангал гарчихсан байхыг хараад, мэдрээд, эмзэглээд бичиж байна. Өнөөгийн залуус (шинэ зууныхан) бидний үеийнхнийг үл тоож, заримдаа зүхэж, чичлэж, бидний бүтээсэн ба бүтээлцэж буй улс төрийг (УИХ, нам, сонгууль, тойрог, шагнал, гавьяат, Цэдэнбал, нийгмийн халамж, ажлын байр, төсөв, хотын утаа, нүүрс гэхчлэн сэдэв барагдахгүй) элэглэж шоолж байхыг би харж мэдэрч байна. Улигт сэдвийг хөндөх тоолонд тэд сувгаа хаачихна, яригчийг шууд унтраана, “Май! Түй!” гэнэ, үзэн ядна. Зөнөг тэнэгээр нь дуудна.
Тэдний буруу ерөөсөө биш. Боловсролгүй гэж зэмлэж болохгүй. Тэд боловсролтой. Гол нь Монголын нийгэм тэднийг маань бүрэн залхаачихсан байна. Хаалттай биш, хэт нээлттэй Монголын нийгэмд тэд сошиал ертөнцийг ёстой нэг эзэгнэнхэн төржээ. Сошиал ертөнцөд тэдний ярьдаг бичдэг хэдхэн сэдэв байна. Унтах, идэх, чөлөөт цаг-диско, секс. Энэ талаар ярихгүй өөр сэдэв сөхвөл сувгаа хаачихна. Хэл хальтраад улс төр рүү ороод ирвэл сувгаа бүр хаачихна. “Суваг хаана” гэдгээр зурагтын нэвтрүүлэг яриад байгаа юм биш, ерөөсөө харьцах хэлэлцэх холбоосгүй болчихжээ гэдгийг хэлж байна. Энэ залхуутай улс төрөөс болоод гурван үеийн холбоос тасарчихжээ.
Ганц нэг нь хэлж байнаа. Дөч орчим насныхан. Биднийг бүр ч заналтайгаар чичлэнэ. Бидний үеийнхэн зайгаа тавьж өгөхгүй, улс төрийг шувтан зайдалчихсан, тэд завсрын азгүй үе болчихсон гэх нь бас ч худал биш. “Та нар хийж бүтээхгүй, улсаа хөгжүүлэхгүй юу хийцгээсэн юм бэ?”, “Яагаад Танай үеийнхэн нийгмээ ядууруулчихсан, доройтуулчихсан юм бэ?”, “Одоо зайлаач!” гэх хилэнт шударга асуултын өмнө бидний үеийнхэн мад тавиулчихаад сууж байна. Энд тэр нам, энэ нам гэж ялгахгүйгээр, үе тэнгээр нь хувааж зааглаад ял асууцгааж байна.
Монгол Улсад 18-35 насныхан олуулаа, тэд хүн амын жинтэй хэсэг нь. Хэрэв 2020 онд тийм насны залуус л сонгуулийн хувьсгал хийж чадахгүй бол тэд маань биднээсээ, улс орноосоо бүр алсран одох аюулын өмнө улс гэр маань ирчихээд байна. Эх орноо огцом, эрс өөд татах бололцоог тэдэнд өгөх хэрэгтэй!
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү