“Аримун” продакшнийг үүсгэн байгуулагчид болох Соёлын тэргүүний ажилтан Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар энэ сарын 18-ны өдөр Хавдар Судлалын Үндэсний Төвийн Паллиатив тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгч хандивлажээ.
Энэ талаар “Аримун” продакшний уран бүтээлчид “Аримун” продакшний дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун Зүрх” уран бүтээлд Хавдар Судлалын Үндэсний Төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, маш үнэтэй зөвлөгөөг бидэнд өгч байсан билээ. Уран бүтээл бүтэх явцдаа Хавдар хэмээх хар тахал Монголчуудын айл бүрээр урилгагүй зочилж олон олон халуун зүрхийг хагацалд учруулж байгааг нүдээр харж биеэр мэдэрч байсан юм. Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчирөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүсч “Аримун” продакшны хамт олон халуун сэтгэлийнхээ хандивыг Хавдар Судлалын Үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт маш их хэрэгтэй байдаг Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, орчны агаарыг эрүүл байлгах үүднээс агаар цэвэршүүлэгчийн хамт хүлээлгэн өглөө. Энэ хандивт “Халуун Зүрх”-ийг үзсэн хүн бүрийн сэтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд баяртай байна. Бидэнтэй хамт байж, сэтгэл зүрхээрээ биднийг дэмжиж урам хайрлаж байдаг үзэгч та бүхнийхээ халуун сэтгэл, халуун зүрхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
“Аримун” продакшний дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун Зүрх” уран сайхны кино энэ оны гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болсон юм.
“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээн өгүүлэх киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллаж тус киноны гол дүрд жүжигчин МУСТА А.Ганчимэг, Б.Тамир, залуу жүжигчин Т.Сэргэлэн, MУСТА Д.Ганцэцэгийн бага хүү Б.Хангал нар тоглосон юм.
Дашрамд дурдахад “Аримун” продакшний дэлгэцийн анхны бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг продюсер” шагналыг хүртсэн билээ.