Г. Амарсанаа: Хорхойтсон баавгай тоглоом биш шүү

Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбооны тэргүүн, Монгол улсын шинжлэх ухаан, байгаль орчин, соёлын Тэргүүний ажилтан Г.Амарсанаатай уулзаж ярилцлаа.

-Баавгай хүнрүү довтолдог гол шалтгаан нь юу вэ?

-Өлсгөлөн баавгай хүн рүү дайрдаг.Өлссөн амьтан юунаас ч айхгүй болдог. Өлссөн махан идэшт амьтад эцэж тураад ан амьтан барьж чадахгүй болчихдог учраас мал руу тэгээд хүн рүү дайрдаг. Барихад малаас амархан амьтан бол хүн шүү дээ. Хамгийн том аюул нь хүний мах идсэн баавгай хүнрүү л дайрах гээд байдаг. Учир нь хүн баавгай шиг элдэв идэшт амьтан учир мах нь маш амттай байдаг хэрэг. Тэднийг агнаж байж л зогсоодог. Гэхдээ амьтад сэтгэдэггүй л болохоос ухаантай. Ялангуяа ийм баавгайг агнахад маш хэцүү. Ер нь хүн идээд сурчихсан амьтдыг жинхэнэ мэргэжлийн анчид л агнаж аюулгүй болгосон байдаг.

Дэлхийд ийм явдал элбэг үү?

-Ховор л доо. Баавгайн хувьд 1957 онд Энэтхэгт 30 хүн идсэн. Харин хүрэн баавгайн хувьд 1950-1960 онд Сибир, Байгалийн чанадад “шатун” гэгдэх хорхойтсон баавгайд олон геологич идүүлсэн. Энэ мэдээллийг ЗХУ нууцалдаг байсан учраас тоо нь мэдэгддэггүй. Харин ийм явдлын тухай “Яамбуй уулын дошгин савдаг/Злой дух Ямбуя/ гэсэн уран сайхны кино хийсэн байдаг. Үнэндээ эдгээр геологичдын амиар нээсэн байгалийн хий, нефтийн ордуудын ачаар өнөөдрийн ОХУ амьдарч байна.

Өнөөдөр ч энэ нутгуудад баавгайн аюул хэвээр байна. Тухайлбал, Монголд аав, хүү хоёр баавгайд идүүлсний дараа ОХУ хил залгаа нутгууддаа 40 баавгай агнах зөвшөөрөл олгосон байна. Мөн хүрэн баавгай хамгийн олон амьтан судлаач идсэн амьтан. Учир нь баавгай наснаасаа хамаарч жингийн эрс ялгаатай байдаг бараг ганц амьтан. Амьтан судлаачид баавгай судлахдаа унтуулдаг сумаар бууддаг. Хэмжээ нь ихдэхээр амьтан үхэх аюултай учир аль болох бага хэмжээтэй бууддаг.Энэ нь жин ихтэй баавгайг бага хэмжээгээр буудсанаас болоод хэмжилт хийж, дээж авч байхад нь сэрээд амьтан судлаачыг алгадаад алчихдаг гэсэн үг. Манайд болж буй явдалтай төстэй учраас 1915 онд Японд болсон явдлыг арай илүү тодруулъя. 1915 оны 11 сард маш том хүрэн баавгай ойгоос гарч ирэн тариачдын хураасан эрдэнэ шишийг булаасан байна. Энэ баавгайг эрдэнэшиш идэхээр дахин ирэхэд нь тариачид буудаж шархдуулан хөөж явуулжээ. Гэтэл 12 сарын эхээр өнөөх баавгай Ота тариачны гэрт дайран орж эхнэрийг нь хүүтэй нь барьсан байна. Баавгайг 30 анчин цуглан мөрдсөн боловч бас л шархдуулан алджээ. Улмаар энэ хүрэн баавгай 12 сарын 9-14-ний хооронд жирэмсэн эмэгтэйг оролцуулан нийт 7 тариачинг барьж иджээ.Энэхүү баавгайг туршлагатай анчин Ямамото Хейкити агнасан бөгөөд 3 м өндөр 380 кг жинтэй байсан гэдэг. Ийм эмгэнэлт явдлыг дахин гаргахгүйн тулд баавгайг тариачны гэррүү дайран орж буйг харуулсан үзмэр Хоккайдо арлын Санкэбэцу тосгонд одоо ч байдаг. Ер нь хүн иддэг махан идэшт амьтад ямар нэг шалтгаанаар шархдаж ан амьтан барьж чадахаа байсан эсвэл хэт хөгшин амьтад байдаг.Харин хүрэн баавгайн хувьд хушны самар багатай жил хангалттай тарга авч чадаагүйгээс хүн суурьшсан газруудад орж ирдэг. Ийм баавгайг монголчууд “хорхойтсон баавгай”, харин оросууд “медведь-шатун” гэнэ. Монголчууд хүүхдээ “хорхойтсон юм шиг битгий годгоноод бай” гэж загнадаг. Хорхойтсон баавгай гэдэг нь ямар нэгэн хорхой идсэн биш өлсөөд суурин байж чадахгүй хаа сайгүй тэнэдэг гэсэн утгатай үг.

Манайд ийм явдал урд нь гарч байсан уу?

-Гарч байсан.1980-н хэдэн онд яг ингэж баавгай нийслэлийн зах, малчдын хотруу орж эхэлсэн.Тэр үед байгаль хариуцсан яам байгаагүй. Би ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд амьтан судлаачаар ажиллаж байсан юм. Тэр үе чинь социализмын үе .Дарга даргын шийдвэр харж цаг алдах аюултай байсан учраас Төв шууданд байсан Монголын радио дээр очиж үнэмлэхээ үзүүлээд хот суурин, хот айлруу ойртсон баавгайг газар дээр нь шууд бууд гээд зарлачихсан юм. Тэр үед чинь аймаг болгон “Улсын анчин” гэсэн зэрэг, цолны үнэмлэхтэй анчдаас бүрдсэн, улсын захиалгаар ан хийдэг бүхэл бүтэн иж бүрэн багуудтай байсан юм. Иймээс тийм зоригтой зарласан хэрэг. Өвөл нь Хөвсгөл нуур орчмын амьтдын судалгаагаар Цагаан-Уул суманд очиход сум, нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуай “Зөв шийдвэр гаргадаг сайн хүү” гэж хэлээд томилолтон дээр гарын үсэг зурж, тамга дарж байж билээ.

-Харин энэ удаа хүний амь эрсэдчихлээ.Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бусад улсад бол БОАЖ-ын сайд, яамны газрын дарга, амьтан хариуцсан мэргэжилтэн гурав шууд огцрох ёстой юм. Манайд бол үгүй юм шиг байна.Иймээс эрдэнэт хүмүүсээ алдсан ар гэрийнхэн, хамаатан садангууд, аймаг, сум нь өмгөөлөгч авч, буруу шийдвэр гаргасан дарга нарыг Захиргааны хэргийн шүүхэд өгч хохирлоо мөнгөн хэлбэрээр төлүүлэх ганц арга л байна. Ингэвэл ийм тэнэг бас хариуцлагагүй явдал дахиж гарахгүй болно.

-Шинжлэх ухааны ямар үндэслэлээр “Хот суурин, хот айлруу ойртсон баавгайг газар дээр нь шууд бууд” гэж зарладаг юм бэ?

-Нэг талаас хушны самар ховор байснаас болж тарга тэвээрэг аваагүй баавгайнууд ичиж чадахгүй. Ичиж чадаагүй баавгай яах нь хэнд ч тодорхой байгаа биз дээ.Энэ бол газар хөдөлт, аюулт шуурга, үер, ган, зуд шиг байгалийн гамшигт үзэгдэл. Иймээс эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг. Монголд хүн идүүлэнгүүт ОХУ хил залгаа нутагтаа баавгай буудахыг зөвшөөрч байгаа нь эрс шийдэмгий зөв шийдвэр гаргаж буй хэрэг. Нөгөө талаас энэ бол байгалийн шалгарал.Самар ховор нөхцөлд амьдрах чадваргүй баавгайнуудыг байгаль өөрөө цэвэрлэж буй явдал. Иймээс манай дарга, сайд нарт “Байгалийн хуулийг сөрөх огт хэрэггүй” гэж зөвлөмөөр байна.Учир нь хорхойтсон баавгайг унтуулдаг сум, тороор барих гэдэг “Монголын шийдвэр гаргадаг албан тушаалтнууд ийм тэнэг бас мангар” гэдгээ дэлхий нийтэд үнэгүй сурталчилж байна гэсэн үг.Учир нь аль ч зэрлэг амьтан ялангуяа махан идэшт амьтдыг хүнтэй ойртуулж дасгахыг олон улсад хориглодог. Яагаад гэвэл амьтад хүнд дасаж, хүнээс айхгүй болчихдог учраас тэгдэг хэрэг. Хүнд дасчихсан амьтан өлсвөл хүн л иднэ. Иймээс ганц зөв арга нь шууд нам буудах явдал юм.

-Хорхойтсон баавгай агнахад юуг анхаарах ёстой вэ?

-Нэгдүгээрт, мэргэшсэн анчдаар агнуулах ёстой. Хоёрдугаарт зөвхөн том буу ашиглах ёстой. Гуравдугаарт, хэрэв баавгай агнаж байгаагүй анчин байвал баавгайг хөндлөн, нэвт буудаж огт болохгүй. Аль болохоор олон яс таарахаар, баавгайн биеийг сум ташуу гарахаар бууддаг.Энэ нь хойноос нь бол гуяар нь орсон сум эсрэг талын далны толгойгоор гарахаар, урдаас нь бол эгэм, дал, мөрний үзүүр хавиар оруулж эсрэг талын гуяар нь гарахаар буудна гэсэн үг. Ингэж буудахад олон яс нь бутарч, хэмхэрэн шархадсан баавгай хүн рүү дайрах чадваргүй болдог тул нэрмэж буудан агнах боломжтой болдог. Хорхойтсон баавгай тоглоом биш шүү.

А.НОМИН

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …