UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа.
UCLG Олон улсын байгууллага нь Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд хотуудын өмнө тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон дэлхийн хотуудыг хооронд нь холбож ажилладаг талаараа Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод айлчлалаар ирэх бүрт хурдтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Эдийн засгийн болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон улсын байгууллагын зүгээс хамтарч ажиллахад бэлэн. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дэлхийн хотуудын хөгжлийн чигийг тусгахад зөвлөгөө өгч хамтарч ажиллах саналтай байна. Тиймээс цаашид ах дүүгийн харилцаа тогтоож хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах нь зүйтэй гэсэн бодолтой байна” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд нийслэлийн удирдлагууд бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.