III эмнэлэгт ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх боломжтой боллоо

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байгаа юм.

Мөн энэ оны зургадугаар сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн “Philips” брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж, өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

Дээрх хоёр аппаратыг суурилуулахад нийт 4.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнд дан ангиографи, MRI аппарат суурилагдаагүй шаардлагатай засвар тохижилт, дагалдах тоног төхөөрөмжүүд багтаж байгаа юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэл MRI оношилгоог зүрх судас, тархи, мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улсын гуравдугаар эмнэлэг дээр үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломж бүрдсэнээр ойр хавийн хувийн эмнэлэг рүү явж чирэгдэл үүсэхээргүй боллоо.

Мөн Эмч, мэргэжилтнүүд маань хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллаж улам бүр мэдлэг, чадвар нь тасралтгүй дээшилнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …