Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдаж байна.
Бөхийн барилдааны нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо.
Ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Арваннэгдүгээр жарны цагаан луу жил буюу 1640 онд Ширээт цагаан нуурын бага газарт даншиг наадмыг анхлан зохион байгуулж байсан нь судар түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Тэр үеэс хойш Их хүрээг түшиглэн даншиг наадмыг Богдын даншиг хэмээн гурван жил тутам тогтмол зохион байгуулж ирснээс хойш эрийн гурван наадам хэмээн өдийг хүртэл тэмдэглэх болсон түүхтэй. Намрын сарын энэ өдрүүдэд тохиодог нийслэлийн ойн баяраар хүчит бөхийн барилдааныг зохион байгуулж хэвшсэн нь төрт ёсны уламжлалаа хадгалж, үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлсэн их хүндэтгэлийн нэгэн соёлын илрэл болдог билээ. Хүчит бөхчүүддээ болон энд хуран цугларсан бөх сонирхогч нийслэлчүүддээ баярын мэнд дэвшүүлье” хэмээлээ.