Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн З нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.
Эдгээр сурах бичгүүд “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтад саатуулаад байгаа аж.