Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг, эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/илэрхийллээ.
2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3 сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалт, хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон.
Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн байна. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр тунхаг төдий байгаа аж. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байгааг АЭХ илэрхийлэв. Иймээс АЭХ-ноос нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай тусгахыг шаардлаа.