Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо.
Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж, АНУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой 30 компани, аж ахуйн нэгжид зориулан тусгайлсан сургалт уулзалт төслийн үнэлгээг хийнэ.
Уг арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох зөвлөмж зөвлөгөөг өгөх мөн, Америкийн хөрөнгө оруулалтын корпорац болон хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөлүүд, хууль эрх зүйн орчин, гэх мэт шаардлагатай нэгтгэсэн мэдээллүүдийг танилцуулах сургалтын хэсэг олгох юм.
Үүнээс гадна сургалтад хамрагдсан 30 компани, аж ахуйн нэгжүүдээээс экспертүүд 10 хүртлэх, экспортын чадамжтай үйлдвэрлэгч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэрийн байр, орчинд нь очиж танилцан АНУ-ын Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын тусгай урилгаар АНУ-д очиж тус байгууллагын гишүүн байгууллагуудад өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, нэтворк үүсгэх боломжоор ханган ,хамтран ажиллах хамтын ажиллагааг үүсгэх болсныг дуулгахад таатай байна.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой компани болон энэ чиглэлд ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих тусгай хөтөлбөрт хамрагдах хамгийн том боломж нээгдэх юм.
Монгол брэнд холбоо нь 2016 оноос эхлэн Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр ажиллаж иржээ. Тус холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нь АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрладаг Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао-тай уулзаж тохиролцсоны дүнд ийнхүү хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон энэ юм.
Уулзалтын үеэр Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч хатагтай Доктор Синди Шао өөрийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, гишүүн байгууллагуудын талаарх мэдээллийг танилцуулах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, гадаад харилцаа, эдийн засаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаарх төлөв байдал болоод тус байгууллагын гишүүн байгууллагууд Монгол Улсыг сонирхох хамтран ажиллах идэвх эрс сэргэж байгаа талаар дурьдсан.
Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч, экспертүүдийг танилцуулж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу